"Залуусын дуу хоолой" чуулга уулзалтад 1200 гаруй залуучууд оролцлоо
2019.06.17

"Залуусын дуу хоолой" чуулга уулзалтад 1200 гаруй залуучууд оролцлоо

Залуусын дуу хоолойг хүргэх, тэдний оролцоог дэмжих зорилготой "Залуусын дуу хоолой"-2019 чуулга уулзалт эхэлж хот, орон нутгаас бүртгүүлсэн 1200 гаруй залуу энэ чуулганд оролцож ардчилал, авлига, ёс зүй, хотжилт, бизнес эрхлэлт, нийгмийн оролцоо, хэвлэл мэдээллийн боловсрол гээд олон чиглэлээр санал солилцож хоёр өдрийн турш "Туушин" болон "Blue Sky" зочид буудлын танхимуудад салбар хурлууд хийж буй. 

Зохион байгуулагч: Азийн Сан, Уорлд Лөрнинг ТББ, Дэлхийн Зөн Монгол, Мерси Кор, Бүгд найрамдахчуудын хүрээлэн, Каритас Монгол, Митчелл сан

"Залуусын дуу хоолой"-2019 чуулганыг санаачлан зохион байгуулах болсон шалтгаанаа "Митчелл" сангийн ТУЗ-ийн дарга, УИХ-ын гишүүн А.Ундраа хэлэхдээ:

Митчелл сангийн хувьд 2009 онд "Монголын залуу лидер" хөтөлбөрийг АНУ-ын Вашингтон хотод хийж байсан. Гадаадад суралцаж байгаа залуус Монголдоо ирээд мэдээлэл хуваалцах, нэгдэж ажиллахад амаргүй байгаа санагдсан. Тиймээс энэ боломжийг бий болгохын тулд "Монголын залуу лидер" хөтөлбөрөө хийж эхлүүлснээр одоо 10 жил болж байна. 

Энэ хөтөлбөрийг хийх үед болон "Зориг Сан"-гийн "Залуу манлайлагчдын хөтөлбөр", "Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" байгууллагын "Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр", МУЗ-ийн "Урлагийн залуу манлайлагчдын хөтөлбөр", LEAD Mongolia хөтөлбөр гэхчлэн олон газар очиж залуучуудтай уулзаж, лекц, яриа хийж байна. Энэ явцад эрчтэй хүчтэй, боловсролтой, зөв хандлагатай залуус маань Монголынхоо улс төр, эдийн засаг, нийгмийн байдалд маш шүүмжлэлтэй хандаж байсан. Үүнтэй нь би санаа нэг буюу бидэнд өнөөдөр эдийн засгийн бэрхшээл, агаарын бохирдол, замын түгжрэл гээд олон асуудал бий гэдэгт санал нийлдэг. 

Үүнээс гадна улстөрийн манлайлал, улстөрчид хэн бэ, яагаад салбар бүрт авлигын асуудал тулгамдаж байна вэ гэхчлэн улстөр бохир байгааг залуучууд хэлж байсан. Ингээд ийм бохир учраас би хол байна, яавч улс төрд орохгүй гэж ярьж байсан. Гэвч энэ нь бохир гээд хол л байгаад байвал хэн сайн, сайхан болгох вэ, одоо байгаа нөхцөл байдал болохгүй байгаа бол хэрхэн сайжруулах вэ, юуг, яаж өөрчлөхийг хүсэж байна вэ гэдгийг ярилцахсан гэсэн бодол сүүлийн жилүүдэд төрөх болсон.

Энэ тухайгаа өнгөрсөн хоёрдугаар сард Азийн Сангийн тэргүүн Марк Коэнингтэй хуваалцаж манлайллын залуус гарц, шийдэл хайдаг, улстөрд идэвхтэй оролцдог, саналаа өгдөг, өөрийн итгэж үнэмшсэн намдаа элсдэг, шат шатны сонгуульд өрсөлддөг, томилогдох албан тушаалд буюу төрд ажиллахаас халгадаггүй байгаасай гэх энэ хэлэлцүүлгийг өрнүүлэхсэн гэсний үндсэн дээр "Залуусын дуу хоолой" чуулга уулзалтыг санаачилсан гэлээ.