Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл гэдгийг Ази, Номхон парламентчид онцолж байна
2019.05.27

Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл гэдгийг Ази, Номхон парламентчид онцолж байна

Олон Улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын Их Хурлаас хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган өнөөдөр (2019.05.27) Төрийн ордонд эхэллээ. Чуулганд Ази, Номхон далайн бүсийн 19 орон болон олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож байна.

“Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь” хэсэгт НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Бээжин дэх салбарын захирал Мариелза Оливэйра,  Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг нар илтгэл тавилаа.

Хуралдаанд “Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьсан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын боловсролын үйлчилгээний хүртээмж, сургалтын орчин хийгээд тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, багш бэлтгэх, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах талаар туршлага, нөхцөл байдлаа танилцуулав. Илтгэлд дурдсанаар, өнөөдөр манай улсын нийт хүн амын 32.6 хувь буюу 1.0 сая гаруй хүүхэд, залуучууд боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Үүнээс 24.7 хувь нь цэцэрлэгт, 56.8 хувь нь ерөнхий боловсролын сургуульд, 3.5 хувь нь мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд, 14.9 хувь нь их, дээд сургуульд тус тус суралцдаг байна. 2018-2019 оны хичээлийн жилийн байдлаар хамран сургалт сургуулийн өмнөх боловсролд 81.9 хувь, бага боловсролд 96.4 хувь, суурь боловсролд 95.5 хувьд хүрээд байгаа нь дэлхийн төдийгүй бүс нутгийн дунджаас сайн үзүүлэлт боловч тулгамдсан асуудлуудын нэг ажээ. Хичээлийн байрны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2018 онд нийт 27 цэцэрлэг,  11 сургууль, 7 дотуур байрын барилгыг ашиглалтад хүлээн авч, хүчин чадлыг нэмэгдүүлж байсан бол 2019-2020 онд 174 цэцэрлэг,  138 сургуулийг  барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэв.

Тэрээр, хүн ам өсөж, шинээр сургууль, цэцэрлэг ашиглалтад орохын хэрээр бидэнд багшлах боловсон хүчний нэмэлт эрэлт хэрэгцээ үүсч байна. Мэргэжлийн багшийн хангалт 2019 оныбайдлаар цэцэрлэгт 92 хувь, ерөнхий боловсролын сургуульд 97.2 хувьтай байна. Багшийн хангалт төв, суурин газруудад шийдвэрлэгдсэн боловч хөдөө орон нутагт дутагдаж байгаа нь  хүүхдүүдэд чанартай боловсрол эзэмшихэд тулгарч байгаа бэрхшээлийн нэг болж байна. Манай улсын цэцэрлэгийн 1 багшид 33 хүүхэд,  бага ангийн багшид 30 хүүхэд ногдож байхад Ази, Номхон далайн бүсэд цэцэрлэгийн багшид 18, бага ангийн багшид 16, дэлхийн түвшинд цэцэрлэгийн багшид 16, бага ангийн багшид 19 хүүхэд ногдож байна.

Өргөн уудам нутагт цөөн хүн тархан суурьшдаг манай орны хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд тэгш хамруулан сургах нь тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Тиймээс Монгол Улсын Их Хурлаас “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн цэцэрлэгт хамран сургах зохицуулалтыг тусгасан гэдгээ парламентчдад илтгэв.

Чуулганы хоёрдугаар хэсэг буюу “Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь” хуралдааныг УИХ-ын гишүүн, ОУПХ-ны Нэгдсэн үндэстний байгууллагын асуудлаарх Байнгын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Учрал даргаллаа.

Олон Улсын Парламентын чуулган тавдугаар сарын 27-28-ны турш үргэлжлэх энэхүү чуулганаар бүс нутгийн улс орны парламентын төлөөлөгчид, олон улсын байгууллагын төлөөлөл

  1. Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дэмжих, хянах чиглэлээр парламентуудын хийсэн ажил, хүрсэн үр дүн
  2. Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь
  3. Хүн бүрийн эрүүл энх, сайн сайхан байдлыг Тогтвортой хөгжлийн зорилтоор дамжуулан хангах нь
  4. Уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сургамж зэрэг асуудлуудыг хөндөн хэлэлцэж, гарсан саналыг Төгсгөлийн баримт бичигт тусгах юм.