2019.04.17

Ц.Гарамжав: Хүн солих бус үзэл баримтлал үйл ажиллагаагаа сольж байгаа гэж бодож байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын албан бичгийг хэлэлцэж, дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

Бид нэг хүнийг нөгөөгөөр солих биш үзэл баримтлал үйл ажиллагаагаа сольж байгаа гэж бодож байна. Хууль, хяналтын байгууллагад үүссэн шударга бус байдлыг таслан зогсоох, ажлыг сайжруулах чиглэлд ямар бодлого баримтлах вэ?

Мөн уул уурхайн гэрээ, хэлцэлтэй холбоотой эдийн засгийн томоохон хэргүүдийг шийдвэрлэхийн тулд ямар ажил өрнүүлэх вэ?

Нэр дэвшигч М.Чинбат, “Хуулийн байгууллагын шинэчлэлийг прокурорын байгууллага зөв мэдэрч ажиллах ёстой. Өмнө нь гажуудаж байсан тогтолцоог шинэчлэх цаг болсон байна. Эдийн засгийн гэмт хэрэг бол хууль, хяналтын байгууллагын өмнө тулгамдсан том асуудал. Энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхийн тулд прокуроруудаа сургах, хуулийн зөрчлийг арилгах чиглэлд хууль тогтоох дээд байгууллагатай хамтран ажиллах ёстой” хэмээв.