Баянтээгийн уурхайд сайжруулсан түлшний үйлдвэр байгуулахад 300 сая төгрөг олгохоор боллоо
2019.04.04

Баянтээгийн уурхайд сайжруулсан түлшний үйлдвэр байгуулахад 300 сая төгрөг олгохоор боллоо

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ сарын 1,2-нд Хархорин, Хужирт суманд ажиллалаа.

Тэрбээр усны нөөцийг зөв тооцоолох, гадаргын усыг зөв зохистой ашиглах, эко системийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр яамнаас төсөл хэрэгжүүлэх талаар танилцуулав.

Онги гол дээр урсацын тохируулгатай усан сан байгуулах, Онги голын урсацыг нэмэгдүүлэх төсөл яамны хэмжээнд яригдаж буй бөгөөд үүнтэй холбогдуулан Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар, Онги голын нөхцөл байдалтай танилцаж яваа нь энэ юм.

Тэрбээр Хархоринд ажиллах үеэрээ Эрдэнэзуу хийдийн угтах орчныг сайжруулах, аялал жуулчлалын үзвэр, үйлчилгээг нэмэгдүүлэх талаар аймаг, сум орон нутгийн удирдлага болон соёлын байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцож, зарим хөрөнгийг шийдвэрлэж өгөхөөр боллоо.

Тухайлбал, "Торгоны зам" эвент арга хэмжээг дэмжиж, Хархоринд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулан 300 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлэхээр боллоо. Мөн Баянтээгийн уурхайд сайжруулсан түлшний үйлдвэр байгуулахад 300 сая төгрөг олгохоор болсон юм.

Түүнийг ажиллах үеэр Хужирт сумын рашаан, шаврын нөөцийг тогтоох зөвлөлийг байгуулан тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэх саналыг орон нутгаас дэвшүүлж байв.