Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийг томилохыг дэмжлээ
2019.02.01

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийг томилохыг дэмжлээ

Өнөөдөр /2019.02.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн албаны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас Б.Идэрчулууныг нэр дэвшүүлж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.

Нэр дэвшигч Бадамцоогийн Идэрчулуун нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй, төрийн албанд 18 жил ажилллаж байгаа аж. Тэрбээр цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, шүүгч, дүүргийн шүүхийн шүүгч, Төрийн албаны зөвлөлд шинжээч, ахлах шинжээчээр ажиллаж иржээ. Харин 2011-2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт, 2017 оноос тус зөвлөлийн Ажлын албаны дэд даргаар ажиллаж байгаа аж.  

Харин Төрийн албаны тухай шинэ хуулийн дагуу Байнгын хорооноос баталсан “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс”-оос зохион байгуулсан сонгон шалгаруулалтад оролцон хамгийн өндөр оноо авч Төрийн албаны зөвлөлийн гишүүний шалгуурыг хангасан Д.Зүмбэрэллхам, Д.Баатарсайхан нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулах саналыг комиссын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал танилцуулсан юм.

Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журмын шаардлага хангасан 8 оролцогчоос Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Зүмбэрэллхам хамгийн өндөр буюу 113.10 оноо, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхан 89.78 оноо авчээ.

Нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэгтэй. Аймгийн цагдан сэргийлэх ангид мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Цагдаагийн академид багш, арга зүйч, сургалтын албаны дарга, тэргүүн дэд захирал, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Төрийн албаны зөлөлийн дарга, Монгол Улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байв.

Харин нэр дэвшигч Д.Баатарсайхан нь соёл судлаач, соёлын ажилтан, төрийн удирдлагын менежер, арга зүйч мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй. 2002 оноос Төрийн албаны зөвлөлд референт, ахлах референт, Ажлын албаны даргаар ажиллаж байгаа.

Асуудлыг ТББХ-ны хуралдаанаар хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав. 

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоог үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Ундармаа, З.Нарантуяа, М.Билэгт, Х.Нямбаатар, Н.Цэрэнбат, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

Ингээд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжлээ.