С.Мөнхчулуун: Намайг батламжлахгүй байх шалтгаангүй
Нийслэлийн Засаг дарга нэр дэвшиж НИТХ-ын хурлын төлөөлөгчдийн олонхийн саналыг авсан С.Мөнхчулууныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлахаас татгалзсан гэх мэдээлэл гарсан. Уг асуудлаар НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуунаас тодрууллаа.
-Таныг батламжлуулах бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх рүү хүргүүлсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Нийслэлийн Засаг даргад сонгогдсоноос хойш өдөр бүр шинэ нэр, хоч зүүдэг болсон. Өнөөдөр өглөө над руу олон хүн утсаар ярьж “Таныг яагаад батламжлаагүй юм бэ” гэж асуусан. Өчигдөр орой 18.30 цагийн байдлаар батламжлуулах бичгийг явуулаагүй байсан. Тэгэхээр Ерөнхий сайд батламжлаагүй гэдэгт нь итгэхгүй байна. Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дэд дарга Г.Баясгалан мөн “Хотын даргад батламжлуулах бичиг ирээгүй байна” гэж мэдэгдсэн. Он, сар, гарын үсэг нь зурагдаагүй хоёрдугаар сарын 16-ны өдөр гаргасан тогтоол байсныг би харсан.
-Хотын даргад олонхийн санал авсан хүнийг батламжлах хуулийн хугацаа нь хэд хоног байдаг юм бэ?
-Эхний удаа хэд хоногийн дотор хариу өгнө гэсэн зүйлгүй. Энэ удаа батламжлахгүй бол НИТХ дахин хуралдаж Хотын даргыг сонгоно. Тэр хурлаас сонгогдсон хүний асуудлыг тав хоногийн дотор шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалттай. Хотын даргаар батламжлах эсэх нь Ерөнхий сайдад хуулиар олгогдсон эрх. Харин 16-ны өдөр гаргасан тогтоолыг өнөөдрийг хүртэл явуулахгүй байгааг Ерөнхий сайдын хуулиар олгогдсон эрхэнд халдаж байна гэж харж байна. Ямар нэгэн шийдвэр гарсан мэтээр Ерөнхий сайдын өмнөөс ярьж буй нь ч харамсалтай байна.
-Таныг батламжлахгүй байх шалтгаан бий юу. Та Хотын даргаар ажиллах бүхий л шалгуурыг хангасан уу?
-Намайг батламжлахгүй гэх асуудал үүсэхгүй болох уу. Би хуулинд заасан болзлуудыг хангасан. НИТХ-ын төлөөлөгчийн олонхийн саналыг авсан. Миний хувьд 16-ны өдөр бүхий л материалыг бүрдүүлж өгсөн. Өнгөрсөн баасан гаригт НИТХ-ын хурлын гарын үсэг зурагдаагүй байсан. Өчигдөр өглөө НИТХ-ын даргатай уулзахад “Тогтоолд гарын үсэг” зурна гэж хэлсэн. Тэгэхээр Ерөнхий сайд руу батламжлуулах бичиг явсан гэж ойлгож байна. Би нэр дэвшсэн хүнээсээ илүү төрийн албаныхаа дадлага туршлагынхаа дагуу энэ ажлыг хийж чадна гэж үзсэн учраас нэр дэвшсэн. Энэ бол хуулиар олгогдсон эрх.