Л.Болд: Надад 30 тэрбумыг олгосон бол нотлохыг шаардаж байна
УИХ-ын гишүүн Л.Болдыг өөрийн эзэмшлийн “Богд” банкиндаа Хөгжлийн банкнаас 8 сая ам.доллар гаргуулж авсан ба харилцах дээрээ авсан учир ямар нэгэн хүү төлдөггүй гэж УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдэгдээд байгаа. Энэ мэдэгдэлд УИХ-ын гишүүн Л.Болд тайлбар хийлээ.
Тэрбээр “Хөгжлийн банк бол Засгийн газрын харьяаны банк. Тиймээс Засгийн газрыг огцруулахын эсрэг байсныхаа төлөө Хөгжлийн банкнаас надад их хэмжээний мөнгө өгсөн бол Засгийн газар огцрох ёстой” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Болд үргэлжлүүлэн “Миний бие 1990 оноос хойш тав дахь удаагаа УИХ-д сонгогдон ажиллаж байгаа. 1996 онд сонгуульд ялагдсаныхаа дараа анхны хувийн банкуудын нэг “Голомт” банкийг байгуулсан. Би ямар нэгэн хууль зөрчилгүй ажилласан. Намайг ажиллаж байхад “Голомт” банк Монголын хамгийн том банк болон хөгжсөн. Гэхдээ би 2013 оноос “Голомт” банкнаас гарсан. УИХ-ын дарга “Бодь интернейшнэл”-тэй холбоотой газрын асуудлыг надтай холбож байна. Тухайн үед хувийн секторт ажиллаж байсандаа би буруу өгөхгүй. Ийм эрх чөлөөний төлөө бид 1990 онд хувьсгал хийсэн.
Харин 2014 оноос миний дүү Л.Болдхуяг “Богд” банкийг байгуулан, ажиллаж байгаа. Энэ банкинд би хувь эзэмшдэг. Энэ банкны тодорхой хувийг Л.Болд эзэмшдгийнх нь төлөө банкийг зориуд буруутгаж байгаа бол Ж.Мөнхбат нарын гишүүдийн ярьж, хийж байгаа асуудал гэмт үйлдэл. Ингэж хувийн бизнест улс төрийн зорилгоор халдаж болохгүй. Монгол Улсад хуулийн дагуу ямар ч банк ажиллах эрхтэй. Хууль зөрчиж, Засгийн газар надад 30 тэрбум төгрөг олгосон бол нотлохыг шаардаж байна. Ж.Мөнхбат гишүүний удаа дараагийн эрээ цээргүй гүтгэлэгт нэг мөсөн цэг тавихыг хүсч байна” гэсэн тайлбар өглөө.
Л.Болд гишүүн мөн Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ бүх банк өгөхөд ганцхан “Богд” банкийг Сангийн яамны шийдвэрээр хассан болохыг ярив.
М.БҮҮВЭЙ