Инновацийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2019.01.18

Инновацийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Өнөөдөр /2019.01.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа танилцуулав. 

Нэгдүгээр бүлэгт,

Инновацийн дэд бүтэц, тэргүүлэх чиглэл, үйл ажиллагаа, инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхтэй холбоотой нэр томьёог олон улсад хэрэглэгддэг ойлголт, чиг хандлагатай нийцүүлэн хуулийн 3.1.1, 3.1.3, 3.1.6, 3.1.8 дахь заалтыг шинэчилэн найруулж, шаардлагатай зарим нэр томьёог хуулийн төслийн 3.1.17, 3.1.18 дахь заалтаар нэмж тусгалаа.

Инновацийн үйл ажиллагааг зөвхөн шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах үйл явцаас гадна мэдлэгийг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлж, эдийн засгийн үр ашиг олох, шинээр бий болж байгаа инновацийн дэд бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг хөгжүүлэх, тэдгээрт хөрөнгө, нөөцийг төвлөрүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хувийн хэвшил, гарааны компаниудын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр хуулийн үйлчлэх хүрээ, агуулгыг өргөжүүлсэн.

Ингэснээр судалгааны үр дүнд бий болсон шинэ технологийг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, улмаар үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал ахиц гарна гэж үзэж байна.

Хоёрдугаар бүлэгт,

Инновацийн үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох, төрийн эрх үүргийн хуваарилалтыг оновчтой болгох зорилгоор Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого болон Инновацийн тэргүүлэх чиглэлийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газар батлахаар хуулийн төслийн 6.1.1, 6.1.2-т өөрчлөлт оруулж, Засгийн газрын бүрэн эрх, өндөр технологи, үндэсний инновацийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бусад яамд, агентлагийн эрх үүрэг давхарсан 7.1.8, 10.1.2, 12.3.1, 12.3.2, 17.1.5 дахь заалтыг хасах, хэрэгжүүлэх чиг үүрэг, арга хэмжээтэй холбоотой 6.1.1, 6.1.2, 6.1.5, 7.1.11, 10.1.3, 11.1.3 дахь заалтыг өөрчлөн найруулах зэрэг тус тус нэмэлт, өөрчлөлтийг хийлээ.

Инновацийн үйл ажиллагааг санхүүжүүлэх, гарааны компанийг дэмжих, хөгжүүлэх, үйл ажиллагааны болон санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох хуульд заасан хөнгөлөлт, дэмжлэгээс гадна хувьцаагаа олон нийтэд санал болгох, олон нийтээс хөрөнгө босгох боломжийг бүрдүүлэх тухай зохицуулалтыг хуулийн төсөлд 121 дүгээр зүйлийг нэмж тусгалаа.

Гуравдугаар бүлэгт,

Инновацийн “стратегийн, урт, дунд хугацааны, салбарын тэргүүлэх чиглэл”-ийн нэр томьёог нэг болгосонтой холбоотойгоор хуулийн төслөөс 13.2, 13.3, 13.5, 13.8, 13.9, 13.10, 13.11, 13.12 дахь хэсгийг хасч, инновацийг хөгжүүлэхэд салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, гарааны компанид дэмжлэг үзүүлэх, инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд нэвтрүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн төрийн дэмжлэг, зохицуулалттай холбоотой 13.4, 13.6, 13.7, 13.9, 13, 14 дүгээр зүйлийн гарчиг, 13.1, 13.13, 13.14, 13.15, 14.1.2, 14.2, 16.1, 17.1.6, 17.1.7, 17.2 дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж, 14.1.4, 14.1.5, 17.3 дахь заалт, хэсгийг шинээр нэмж, 17.1.5 дахь заалтыг хасч хуулийн төсөлд тусгалаа.

Ингэснээр инновацид суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувь хэмжээ, нэр төрөл нэмэгдэж, шинэ бүтээгдэхүүн, технологи, үндэсний брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдэж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, тэгш оролцоог хангах давуу тал үүснэ гэж үзэж байна.

Дөрөвдүгээр бүлэгт,

Эрдэм шинжилгээний байгууллага, түүний дэргэдэх гарааны компанийг бойжуулах, дэмжихэд чиглэсэн, тэдний гаргасан бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэсэн зохицуулалтыг хийж,  төрийн оролцооны зохистой түвшинг хангах зорилгоор 27.10.2 дахь заалтыг өөрчлөн найруулж, 27.2 дахь хэсэг, 27.2.1-27.2.5 дахь заалтыг шинээр нэмж тусгалаа.

Хуулийн төслийг НББСШУБХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцууллаа. Тус байнгын хорооноос хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Учрал, Б.Баттөмөр нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.4 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр НББСШУБХ-нд шилжүүлэв.