Нийслэлийн МАН-ын “Бага олимп-2019”-д 650 гаруй тамирчид өрсөлдлөө
Нийслэлийн МАН-аас жил бүр дүүргүүдийн намын анхан шатны гишүүд дэмжигчдийнхээ дунд спортын тэмцээн уралдаан зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил спортын зургаан төрлөөр “Бага олимп-2019” спорт наадмыг өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны байранд зохион явууллаа.
Спортын наадамд есөн дүүргийн МАН-ын хорооны 650 гаруй тамирчин гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, дартс, хийн дасгал зэрэг төрлөөр хоорондоо өрсөлдсөн юм.
Эв нэгдэл, хамтын хүч уриатай зохион байгуулсан “Бага олимп-2019” спортын наадмын нээлтэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан болон дүүргүүдийн намын дарга нар оролцож баг тамирчиддаа амжилт хүссэн юм.
Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар нээж “Бид есөн дүүргийнхээ МАН-ын анхан шатны байгууллагуудынхаа залуус, ахмад настнуудыг хамруулсан спортын арга хэмжээг уламжлал ёсоор зохион байгуулж байна. Энэ нь нийслэлийн 9 дүүргийн маань намын гишүүд нэг дор нэгдэн эв нэгдэл, хамтын хүчийг бэхжүүлэх сайхан завшаан болж байна гэж би итгэж байна. Спорт гэдэг бол хүмүүсийг нэгтгэдэг сайхан зүйл. Иймээс дүүргийн намууд бие биенээсээ үлгэр жишээ авах, туршлага судлах, хоорондоо ойртон нөхөрлөх боломж юм шүү. Мөн хүн бүрийн эрүүл байх үндэс нь спорт, дасгал хөдөлгөөн байдаг. Тиймээс хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, дасгал хөдөлгөөнийг зайлшгүй хийж байх ёстой гэдэг үүднээс энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг” гэлээ. Мөн тэрбээр цаашид энэхүү арга хэмжээг улам өргөжүүлэн, илүү олон төрлөөр зохион байгуулахаар төлөвлөж буйгаа хэлж байв.
“Бага олимп-2019” спортын наадамд нийт 6 спортын төрөлд 650 гаруй тамирчид 164 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс багийн дүнгээр нэгдүгээр байрт Баянзүрх дүүрэг I байрт шалгарч шалгарч, шилжин явах цомын эзэн боллоо. Харин II байрт Хан-Уул дүүрэг орсон бол, III байрт Сонгинохайрхан дүүрэг тус тус шалгарсан байна.
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны баг тамирчдын дасгалжуулагч Д.Халзан:
Спортын наадам иргэдийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой
-Нийслэлийн МАН-аас спортын олон төрөлт тэмцээнийг зохион явуулж байгаа нь иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал ач холбогдолтой. Манай дүүргээс спортын 6 төрлөөр нийт 100 гаруй тамирчид оролцон, хурд хүч авхаалж самбаагаа сорьж байна.
Манай дүүргийн тамирчид энэхүү уламжлалт спортын наадамд тогтмол эхний гурван байрт шалгардаг. Энэ жил ч мөн амжилтаа ахиулна гэж найдаж байна.
Спортын наадмын Ерөнхий шүүгч Т.Дэмбэрэл:
Лигийн мэргэжлийн тамирчид оролцож байгаа нь тэмцээнийг улам бүр өрсөлдөөнтэй болгож байна
-Өнөөдрийн тэмцээнийг Монголын гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар зэрэг мэргэжлийн холбоодоос шүүгчид шүүн явуулж байна. Хоёр өдөр болж буй энэхүү спорт наадамд нийт 28 шүүгч ажиллаж байна.
Жил бүр өрсөлдөх спортын төрлүүд нэмэгдэж, үүнийгээ дагууд оролцох тамирчдын тоо өсч байна. Энэ жил шилжин явах цомыг авсан дүүрэг нь ирэх жил спортын наадмыг зохион байгуулна.
Лигийн мэргэжлийн тамирчид оролцож байгаа нь тэмцээнийг улам бүр өрсөлдөөнтэй болгож байгааг дурдах нь зүйтэй.