С.Эрдэнэ: МАН-ынхан нам дотроо асуудлаа шийд
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар өнөөдөр /2018.12.28/сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хэт туйлширсан, улайрсан улс төрөөс болж нийгэм, эдийн засгийн байдал хүндэрлээ. Өнөөдөр улс орны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээсээ илүү баатрын дүр эсгэн, маш их мөнгө зарцуулж, болчимгүй үйлдэл хийж байна. ОУВС-гийн сүүлийн санхүүжилт орж ирээгүй. Тиймээс төлөвлөсөн ажил санхүүжилтгүй болж байгаа.
Нүүрсний гол импортлогч Хятад орон хязгаарлалт тавьж байгаа. Өнөөдөр юун МАН-ын дотоод зодоон бэ. МАН-ын дарга У.Хүрэлсүх яагаад 64 гишүүнээ зангидаж чаддаггүй, төрийг гацаагаад, өөрийгөө үнэнч шударгын баатар мэтээр магтуулаад байна вэ. У.Хүрэлсүхийг шүүмжлэхээр хамгаалагчид нь хир халдаахгүй улайрч байна. Монголын ард түмэн туйлдлаа. Гадуур өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хэд дахин өсч, утаа 21 аймагт бий болж, Монгол үндэстний аюулгүй байдал алдагдлаа. Алтан цээжтэй, мөнгөн бөгстэй Ерөнхий сайдтай болчихсон. Тиймээс би Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга хүргүүлж байна. Хуулийн хугацаанд нь хариулж өгөөч. Танай намын хагарлаас болж Монгол төр гацлаа. Засгийн газрын гишүүд нь УИХ-ын хуралдаандаа суухгүй, УИХ-ыг бойкотлоод сууж байна. Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгоно, өрийг өрөөр дарахгүй, ахмад настны тэтгэврийг нэмнэ гэсэн яасан бэ. Намайг юу ч гэж доромжилж болно. Би сөрөг хүчний намын даргын хувьд үгээ хэлнэ. У.Хүрэлсүхийн гайхуулаад байгаа ажил хаана байна. Нефть боловсруулах үйлдвэрийг З.Энхболдыг УИХ-ын дарга байх үед Энэтхэгийн Ерөнхий сайд ирж, санхүүжилт хийсэн юм. У.Хүрэлсүх санхүүжилт олж ирээгүй.
УИХ нь хуралдаж чадахгүй байхад яаж Засгийн газар ажиллах юм. Улс төрийн хийрхлээсээ салцгаа. МАН дотоодын зөрчлөө нам дотроо шийд. “60 тэрбум”, ЖДҮ нар нам дотроо шийд, битгий Монгол төрийг бузарлаад бай.
Шатахууны үнийн өсөлт, хүүхдийн эндэгдэл, агаарын бохирдолтой тэмцэх ажлаа хий. Хийж чадахгүй бол танай нам татан буугд. Ямар ч хууль баталсан та нарт эрх нь байна. Эрхээ хэрэгжүүлээд яв. У.Хүрэлсүхийн эсрэг үг хэлдэг хүн байхгүй болсон. Үг хэлсэн хүн доромжлуулдаг. Энэ намын зодоонд монголчууд оролцохоо больё. АН цаашид ч сөрөг хүчний үүргээ гүйцэтгэнэ. Болохгүй бол цаашид АН-аас МАН-ыг татан буулгах асуудлыг тавина" гэлээ.
Мэдээллийн дараа АН-ын дарга С.Эрдэнэ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Парламентын гишүүд ирцээ бүрдүүлж, чуулганыг хуралдуулах талаар дотроо ойлголцож болохгүй байна уу?
-Тэд дотроо асуудлаа шийдэхгүй бол бид юу ч хэлээд үр дүнгүй байна. Эд одоо болих хэрэгтэй. Шүүмжилж болдоггүй Ерөнхий сайдтай болсон. Юм хэлэхээр УИХ-аа бойкотлоод Засгийн газрын гишүүдээ хурааж аваад явна. Засгийн газрыг шүүмжилсэн хүн бүрийг хужаагийн эрлийз, Миеэгийн талын хүн гэх юм. Эрх үүргээ хэрэгжүүлэхгүй мөртлөө гудамжинд гарч попроод яваад байгаа юм. Ялангуяа ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд ичих хэрэгтэй. Иргэдийн боломжийг хулгай хийчихээд шударга үнэний дүрд тоглоод байгаа гишүүдийг ойлгохгүй байна.
-АН-ын бүлэг хэвээрээ байгаа юу?
-Манай бүлэг хэвийн ажиллаж байгаа. УИХ-ын гишүүн Л.Болд өөрөө албан ёсоор өргөдлөө өгөөгүй байгаа.
-УИХ-ын даргыг огцруулах шаардлага зөв үү?
-УИХ-ын даргыг огцруулах таван үндэслэл байгаа. Хуулиа л дээдлэх хэрэгтэй. Хуулиас гадуур попороод явж болохгүй. Тэр дундаа УИХ-ын гишүүд хуулиа л хэрэгжүүлэх хэрэгтэй.
Ш.АДЪЯАМАА