О.Баасанхүү: МАНАН-гийн ард гол санхүүжилтийг Т.Бадамжунай, Х.Баттулга хийдэг байсан
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс цөөн асуултад хариулт авлаа.
-УИХ-ын чуулган хуралдаж чадахгүй гурав дахь долоо хоногтойгоо золгож байна. Нөхцөл байдлын талаар та юу хэлэх вэ?
-Ард түмэн Ардын намд гурван эрх өгсөн л дөө. Нэг нь Засгаа барьж, төрөө удирдаад яв. Хоёрт Үндсэн хуулиа өөрчилж болно, гуравт хүсэхгүй бол УИХ-аа тарааж болно гэсэн гурван эрх өгсөн. Гэтэл өнөөдрийн үүссэн нөхцөл байдлыг харвал Ардын нам Ардын намынхаа эсрэг жагсаал хийж, Ардын нам дотор хэн бууриа авч үлдэх вэ гэдэг тэмцэл өрнөж байна.
Анх МАНАН-гийн санааг гаргасан хүн нь Р.Гончигдорж
МАНАН-гийн эсрэг тэмцэж байна л гээд байна. МАНАН гэдгийг тайлбарлаж өгье. Би 1994 онд Ардчилсан Социал Демократ Намд элсэж байсан хүн. Дараа нь Намбарын Энхбаяр гэж хүний өмгөөлөгч байсны хувьд МАНАН гэж ямар учиртай зүйл вэ гэдгийг мэднэ. МАНАН гэдэг нэрийг Баабар өгсөн юм. Энэ бол МАН, АН гэсэн үг биш. Анх МАНАН-гийн санааг гаргасан хүн нь Р.Гончигдорж.
Р.Гончигдорж гуай Социал Демократ гэдэг жижиг нам байвал сонгуульд өрсөлдөж, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч болох ямар ч ирээдүйгүй юм байна гэж бодоод таван намыг нийлүүлсэн. Дараа нь нөхөр ингэсэн ч жижиг байгаа учраас хоёр намд байгаа томчуудын бүлэглэлийг бий болгоё гэж бодоод С.Баярцогт, Н.Энхбаяр дарга хоёр нийлээд МАНАН-г үүсгэсэн. Тэр нь МАН+АН гэдэг утгатай биш төрийн эрх мэдлийг нөлөөллийн аргаар нам харгалзахгүй яаж барих вэ гэсэн санаа. Үүний ард гол санхүүжилт, менежерээр нь хоёр нөхөр ажилладаг байсан. МАН-ынх нь Т.Бадамжунай, АН-ынх нь манай Ерөнхийлөгч Х.Баттулга.
Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой мэдэгдэл хийе гээд хурал зарлаж байхад түүнийг нь бойкотолно гэдэг бол тусгаар тогтнолын эсрэг хийж байгаа гэмт хэрэг
Нэг менежер нь УИХ-ын гишүүн болсон, нөгөөх нь одоо Ерөнхийлөгч болоод одоо МАНАН-г устгахаар тэмцэж байна гэж би ойлгож байна. Ингэж л хошин шог шиг юм харагдаад байгаа юм.
-УИХ-ын даргыг эсэргүүцэж, бойкот зарлаж төрийн ажлыг гацааж байхаар хуулиа оруулж ирж болдоггүй юм уу гэж ярих хүмүүс байна.
-Би бас хэлээд л байгаа. 40 гишүүн гэдэг чинь ямар ч хуулийг батлах бүрэн эрхтэй. Хуулиа санаачиллаа, өргөн барилаа, гурав хоногт шийд ч гэдэг юм уу албан бичиг өгч болно шүү дээ. Хүсэхгүй байна л даа. Бид энэ хоёр нөхрийн тэмцлээс болоод асар их мөнгө төлж байна. Жишээлбэл, Хөрөнгийн бирж, зэс, нүүрсний үнийн савалгаа, валютын ханшийн өсөлт, гаднын хөрөнгө оруулалтууд зогсонги байна, гадаад дотоодын маш чухал айлчлал, уулзалтууд хойшилсон гээд олон зүйл байна.
Дээр нь Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой мэдэгдэл хийе гээд хурал зарлаж байхад түүнийг нь бойкотолно гэдэг бол тусгаар тогтнолын эсрэг хийж байгаа гэмт хэрэг шүү.
-УИХ-ыг тараах талаар ч яриа байна. Таны хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-УИХ тарна гэдэг бол МАН-ын шийдэх асуудал. Монголын ард түмэн сонголтоо хийж, энэ шийдийг гаргах эрхийг нь өгсөн. Эдний өөрсдийнх нь шийдэх асуудал. Би тараахгүй, тараа гээд ямар ч нэмэргүй.
60 тэрбумын гэх хэрэгтэй тэмцэх ёстой юм бол Ардын Намын санхүүг шалгах ёстой
Би юу гэж бодож байна вэ гэхээр 60 тэрбумын гэх хэрэгтэй тэмцэх ёстой юм бол Ардын Намын санхүүг шалгах ёстой. МАН-ын санхүүг шалга гэж АТГ-д бичиг өгсөн. МАН-ын санхүүжилт дээр гурван шийдвэр бий. Нэг нь 50 саяас дээш төгрөг өгөөд албан тушаалд томилогдсон хүмүүс байна, хоёрт 50 сая төгрөг өгөхөд нь талыг нь аваад албан тушаалд томилогдсон хүмүүс байна. Өөрөөр хэлбэл удирдлагууд нь мөнгөнөөс нь авчихсан гэсэн үг. Гуравт нь 50 сая төгрөг өгөөд албан тушаалд томилогдоогүй хүмүүс байна гэсэн “бор шувуу” яваад байна. Тиймээс үүнийг үнэн эсэхийг санхүүжилтийг нь шалгах хэрэгтэй.
Мөн ЖДҮХС-ийн зээлд 26 гишүүн холбогдсон байх сэжиг бүхий. Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн яриаг сонссон байх. Хоёр өөр яриа өгөөд байгаа юм. Төрийн ордонд ярихдаа ЖДҮХС-ийн зээл ямар муухай юм, би өөрийн хүнийгүй жадлан эсэргүүцэж, хайр найргүй тэмцэнэ гэсэн атлаа намынхаа бага хурал дээр та нар 20 гаруй гишүүд хэрэгт орооцолдсон байхад эднийгээ хамгаалахгүй олон нийтийн өмнө шившиг болголоо гэж ярьсан. Энэ бол чухал үг.