Д.Тэрбишдагва: Алтны татварыг дор хаяж таван хувь болгох хэрэгтэй
Өдрийн сонин, сэтгүүлч ОТГОНШАРАВЫН АРИУНЦЭЦЭГ
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлд алтны татварыг 2.5 хувь хэвээр үлдээж, таван жилээр үргэлжлүүлэхээр тусгажээ. Харин та алтны татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байснаа тодруулахгүй юу?
-Олон улсын жишгээс харахад ашигт малтмалын тухай хууль цаашлаад аливаа татварын хувь хэмжээг тогтвортой байлгаж, эдийн засаг, цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулан багасгаж, хөнгөлдөг юм билээ. Харин манайхан Ашигт малтмалын тухай хууль, тэр тусмаа татварын хувь хэмжээг тогтоохдоо долоо хэмжиж нэг огтолж чадаагүй. Өөрөөр хэлбэл, татварын хувь хэмжээг хэт өндөрсгөж, эсвэл багасгаж ирсэн нь нийгэм, эдийн засагтаа эргээд адармаатай байдлыг үүсгэдэг. Яг л Монголын эрс тэс уур амьсгалыг санагдуулам.
Алт үйлдвэрлэгчдээс үнийн өсөлтийн гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авдаг байсныг 2011 онд УИХ цуцалсан. Гэтэл үүнийгээ цуцалсан төдийгүй 2014 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж өсөн нэмэгдэх роялтиг 2.5 хувь болгож буулгасан нь алтны татварыг бараг тэглэсэнтэй агаар нэг. Үүний цаад шалтгааны талаар бодоход алтны магнатуудын юм уу, том лобби бүлэг нөлөөлөөд байна уу даа гэж би харддаг. Ер нь лицензийн наймаачид тусгай зөвшөөрөл зарж баяжаад, оффшор дансанд мөнгөө хийдэг хүмүүс л улс төрийн нам, үндэстэн дамнасан бүлэглэлийг бий болгосон гэдэг. Түүнтэй адил тийм нэг үл үзэгдэгч бүлэглэлийн гаралтны татварыг 2.5 хувь болгож бууруулсан удаатай. Тухайн үед хуулийн төсөл батлагдахын өмнө УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ зэрэг бидний хэсэг гишүүд эсэргүүцээд дийлээгүй.
-Гэхдээ салбарын сайд нь алтанд бүрэн хяналт тавьж чадахгүй байгаа учраас татварын хувь хэмжээг үргэлжлүүлэн сунгах нь зүйтэй гэж ярьсан. Түүнчлэн татварын хувь хэмжээг нэмэгдүүлбэл Монголбанкинд тушаах алтны хэмжээ багасах, цаашлаад алт олборлогчид далд хэлбэр рүү шилжих аюул нүүрлэж болзошгүйг анхааруулж байсан?
-Онгон дагшин байгалиа сүйтгэж, экологийн тэнцвэрийг алдагдуулан байж газрын хэвлийн гагнаас гэгддэг алтыг бид олборлож байгаа. Эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орноо хөгжүүлэх гэж л алтаа олборлуулчихаад татвар авахгүй юм бол ашиг нь юунд байна. Хэдхэн компани, хэсэгхэн бүлэглэлийг баяжуулахын төлөө хууль өөрчилсөн болж, хувь хэмжээг нь багасгаж, хугацаа сунгах шаардлага байна уу.
Эдийн засгийн хүндрэлтэй, бензин шатахууны үнэ нэмэгдсэн, валютын ханшийн өсөлттэй ийм хүнд цаг үед байгалийн баялагийнхаа ашиг шимийг ард түмэндээ хүртээж байх ёстой биз дээ. Алтны олборлолт, хууль бусаар хил гаалиар гаргах асуудалд хяналт тавьж чадахгүй байна гэж яриад суух цаг биш. Хяналт тавих нь ганц Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажил ч биш. Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах гээд төр бүх хүчээ дайчлан, хамтарч ажиллаж байж алтыг нууцаар хил давуулан худалдах, хадгалах, нуун дарагдуулж татвараас зайлсхийдэг хэргийн сүлжээг таслан зогсоож чадна. Алтны худалдаа, нийлүүлэлт, банкинд тушаах үйл явц ямар ч хуулийн зохицуулалтгүй хийгдэж байна. Монголбанк, арилжааны банкинд тушаахдаа хэн алт тушааж байгааг нь огт сонирхдоггүй. Зөвхөн алт л худалдан авч байвал боллоо гэсэн хууль үйлчилдэг. Тэгэхээр олборлосон, тушаасан алтны нийлүүлэлтийн сүлжээний гарал үүслийг ил тод болгох, Алтны худалдан авч байгаа эрх зүйн орчны хийдлийг арилгах, бүртгэлтэй бүртгэлгүй бичил уурхайчид нэрээр тушаагдаж байгаа алтны худалдааны татварын орчныг боловсронгуй болгох зэрэг бодит ажлыг Засгийн газар хиймээр байна. Иймэрхүү асуудлаа шийдвэрлээд УИХ-д оруулаад ирэхэд гишүүд хугацаа алдалгүй шийдэж өгдөг шүү дээ. 65-уулаа болсон бидэнд энэ боломж бүрэн байна. Дэлхийн улс орнууд хөгжилтэй нь ч бай, хөгжиж байгаа нь ч бай худалдаанд байгаа алтны гарал үүслийг тодорхой болгох талаар төрөөс анхаарч хуульчилж өгсөн байдаг. Мэдээлэл хөгжсөн энэ цагт дуртай үедээ, сонирхсон улс орны веб хуудас руу ороод л энэ талаар хэрхэн зохицуулж болоод байгааг харчихаж болно шүү дээ. Хийе гэсэн хүнд арга нь дандаа олддог гэх үг бий. Хэцүү, бүтэшгүй гээд байвал хэдэн жилийн дараа ч байдал энэ хэвээр үргэлжилнэ. Дахиад хугацаагаа таван жилээр сунгая гээд яриад сууж мэдэх л юм. Ажил хийх хандлагаа л өөрчлөх хэрэгтэй байгаа юм.
Лиценз авсан компаниуд улсад бүртгэлтэй байгаа. Тэдгээр компаниудын уулын ажлын төлөвлөгөөг тайлантай нь тулгаад тухайн компани хэдий хэрийн алт үйлдвэрлэсэн, зарсан гэдгийг тогтоож, тоймлож болно. Энэ нь эргээд алтны олборлолт, хэмжээ, тушаасан тоннтой тулгаад холбогдох байгууллагууд нь хяналтаа чанга тавихад л болох асуудал. Хэрэв хууль дүрмийн дагуу тавьсан хяналтыг эс зөвшөөрч, цааргалбал тусгай зөвшөөрлийг цуцлахад л сөрөг байдал нь аяндаа цэгцэрнэ. Ер нь төр баталсан хууль тогтоомжуудаа хэрэгжүүлж, биелүүлэхийн тулд нүсэр том аппарат ажиллуулж байгаа биз дээ. Гэтэл ашигт малтмалаа, өмч хөрөнгөө хамгаалж чадахгүй, хяналтаа тавиад туучихсан тул бага татвар авна хэмээн ярьж, гараа эвхээд сууж таарахгүй.
-Таныхаар алтны татварыг хэдий хэмжээнд хүргэвэл зохистой гэж бодож байна?
-Алтны татварыг дор хаяж таван хувь болгох хэрэгтэй. Бүр 10, 20 хувь хүртэл нэмсэн ч болохгүй юм байхгүй гэж боддог. Гэтэл өнөөдөр төр нь ийм ч хэмжээний татвар авч чадахгүй байгаа нь үнэндээ эмгэнэл. Татварыг бууруулах л юм бол хүмүүс их алт тушаана, хувь хэмжээг нэмбэл хулгай хийнэ, далд хэлбэрт шилжинэ гэж болгоомжлохын оронд Засгийн газар энэ асуудал дээр онцгойлон анхаарал тавьж,тусгай арга хэмжээ боловсруулан ажиллах цаг нь болсон. Энэ маань л нөгөө яриад байгаа сахилга, хариуцлага, шударга ёс гэдэг чинь биз дээ. Энд л төрийн төмөр нударга, сахилга хариуцлагыг бодитойгоор хэрэгжүүлбэл ядарсан эдийн засгаа өөд нь татахад дэм болно оо.
Монголбанкинд 2017 онд 20 тонн алт тушаасан. Үүний 12 тонныг буюу 60 гаруй хувийг нь иргэд тушаасан байдаг. Харин 2018 онд Монголбанкинд нийтдээ 18 тонн алт тушаажээ. Үүний 70 орчим буюу 10.6 тонныг нь иргэд тушаасан байгаа юм. Энэ нь нэг талаар иргэд их алт тушааж байгаа мэт харагдавч цаанаа алт олборлогч компани, аж ахуйн нэгжүүд нийт тушаасан алтны 50 гаруй хувийн орлогын албан татвараас зугтаж, бултсан нь нүднээ илхэн байгаа биз дээ. 2017 он бүтнээр, 2018 оны эхний 11 сарын тооцоогоор иргэдийн нэр дээр тушааж байгаа 23.2 тонн алтанд ногдох аж ахуйн нэгжийн албан татвар төсөвт орж ирж чадахгүй байна гэсэн үг. Ийм сахилга хариуцлагын зөрчил байгааг нь хэлэхээр Засгийн газар нь хүлээж авахгүй байна. Татвараас зугтсан, хуулиа үл тоодог ийм эх захгүй байдал энэ салбарт гарсныг залруулж таслан зогсоож чадахгүй юм бол цаашдаа бусад салбарт үйл ажиллагаа явуулж, бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд ч татвар төлөхгүй байх сонирхлыг нь өдөөнө. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн төлөх татварын орлого буурч, төсвөө бүрдүүлж чадахгүй эрсдэл үүсэх аюул нүүрлэхийг урьдчилан харж байх шаардлагатай.
-Нэр бүхий УИХ-ын гишүүд УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээрээ огцор хэмээн шаардаж, цаашлаад тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдсэн. Энэ үйл явдлыг та юу гэж харж байна вэ?
-Төрийн хүний ноён нуруу гаргаж асуудалд ултай хандахаас биш чиний, миний тал, тэрний зөв буруу, миний эрх ашиг гэж ярих цаг биш. УИХ-ын дарга, Засгийн газар огцорч болно. Парламентын засаглалтай улсад байх л асуудал. Хамгийн гол нь МАНын нэр хүндийг унагааж, хар сүүдэр татуулсан 60 тэрбум, ЖДҮХСтай холбоотой асуудлыг бодитой шийдвэрлэж үнэн мөнийг нь тогтоож, хариуцлага тооцох нь чухал. Өөрөөр хэлбэл, УИХын дарга, Засгийн газрын сайдыг огцруулснаар л асуудал шийдэгдлээ гэж үзэж болохгүй.
-Таныг нээлттэй сонсгол хийе гэтэл УИХ-дахь МАН-ын бүлгийн гишүүд 60 тэрбумынхан, ЖДҮ-ийн гэж хуваагдаад байгаа. Та өөрийгөө аль талд нь хамааруулах вэ?
-Би Монгол Улс гэсэн ганцхан фракцтай, тэр л эрх ашигт үйлчилдэг. Надад 32,33 гээд байгаа бүлгийн аль нэг тал руу нь орох шаардлага байхгүй.
УИХын хаврын ээлжит чуулганы завсарлагааны үеэр Л.ОюунЭрдэнэ гишүүн “60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийе, Та 19 дэх гишүүн нь болоод зураад өгөөч” гэхэд нь би бичгийн агуулгыг уншаад шууд дэмжиж зурсан. 60 тэрбумын асуудалд цэг тавьж, шийдэхгүй удах тусам нийгэмд буруу зөрүү мэдээлэл газар авч, асуудлыг даамжируулаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, албан тушаалыг мөнгөөр үнэлж, хэн нь хэдэн төгрөгөөр дарга, сайдын сэнтийд заларсны үнэн мөнийг тогтоож цэг тавихын тулд би гарын үсгээ зурсан. Гэхдээ өнөөдөр 60 тэрбумын эсрэг гэж тэмцэж байна гээд нэр нь цохогдоод байсан улстөрчид тэр бичигт гарын үсэг зураагүй байсныг тод санаж байна.
Мөн сая Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгодог гурван хувийн зээлийн асуудалд УИХын гишүүн, яам агентлагийн удирдлагууд нэр холбогдсон. Энэ асуудалд ашиг сонирхлын зөрчил байна гэж үзсэн учраас Засгийн газарт хариуцлага тооцох нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тиймдээ ч ЖДҮХСгаас зээл авсан ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалтнууд хариуцлага тооцох шаардлагатай гэсэн албан бичигт гарын үсгээ зурсан. Гэхдээ нэгэнт Засгийн газар огцроогүй юм чинь одоо гоншигноод байх шаардлагагүй. Харин Засгийн газрыг хариуцлагатай сайн ажиллуулах талаар дэмжиж тусалж, бас шахаж шаардаж байх болно.
Нөгөөтэйгүүр, 60 тэрбумын асуудлаар Нээлттэй сонсгол хийхийг уриалж, өөрийнхөө албан бланкан дээр гишүүдийн гарын үсгийг цуглуулсан ч яахав. Түүнчлэн үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд Сингапурт очиж лиценз хувааж байсан гэдгийг УИХын гишүүн хүн хэлнэ билээ. Үнэхээр тийм юм бол энэ асуудлыг ч шалгамаар байна. Өөрөөр хэлбэл, хариуцлагыг дээрээсээ эхлүүлэх шаардлагатай. "Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй" гэж монголчууд маань онож хэлсэн байдаг даа.
-УИХ-ын чуулганы үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхгүй байна. ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудал хойшилсоор байна. Хувь гишүүнийхээ зүгээс энэ байдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Хүйтний эрч чангарч, жавар тачигнаж, цасаар шуурч эхэлсэн энэ хүнд үед ХХААХҮ-ийн яамыг сайдгүй байлгаад байж болохгүй. Сайд томилох асуудал бүтэн гурван долоо хоног хойшиллоо. Би энэ салбарыг толгойлж дэд сайд, сайдаар ажиллаж байсан хүн. Тиймдээ ч би энэ салбарыг дэндүү сайн мэдэж байна. Цас зуд, өвөлжилтийн хүндрэл гээд салбарын шийдвэрлэх асуудал цаг хүлээхгүй шил дараад шилгээж байгааг нь мэддэг болохоор сайдын томилгоог удаах цаг алга гэж хэлээд байгаа юм. Нэр дэвшиж байгаа Ч.Улаан гишүүн ч энэ ажлыг хариуцлагатайгаар аваад явчихаж чадах хүн.
Гэтэл Засгийн газар өөрийн оруулж ирүүлсэн асуудлаа хойш нь тавиад, хууль тогтоох байгууллагынхаа сандал суудлын асуудлыг яриад бойкотлоод байх юм.Засгийн газар УИХын өмнө ажлаа танилцуулж, тайлагнадаг, баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг гүйцэтгэх засаглал. Харамсалтай нь улстөржилт нь хэрээс хэтэрч, худал үнэн яриагаар гул барьж үндсэн ажлаа хийхгүй байна.
Монгол Улс нэг хүнд ногдох гадаад өрөөрөө дэлхийд хоёрт орж байна гэсэн судалгааг гадны байгууллагынхан гаргасан байна билээ. Ам ангайх бүртээ ард түмэн гэх атлаа тэднийгээ ажилтай, орлоготой болоход анхаарч ажилламаар байна. Монголчууд хэзээнээсээ гар хөдөлбөл, ам тосдоно гэдэг. Ажилгүй, амьжиргаагаа арай чүү залгуулж байгаа иргэдээ хоосон улстөржилтөөр угжиж, шударга ёс, сахилга бат гэсэн сүржин үгээр хөөргөөд хэн юу хожих гээд байна вэ. Үнэндээ цацсан шагай шиг тарж бутарсан, талцаж хуваагдсанаараа монголчууд өөдөө явсан түүх үгүй. Харин их түүхээ эргэн сөхвөл зангидсан гар шиг эвтэй байж, ажилсаг шоргоолж шиг хөдөлмөрлөж байсан цагтаа бид өнгөтэй өөдтэй, хөрөнгөтэй чинээтэй явсан байдаг.
-Олон нийт Оюу толгойн ажлын хэсгийг шалгалтын мэдээлэлд чих тавьж байгаа. Ажлын хэсгийг ахлагчийн хувьд хэдийд дүгнэлтээ танилцуулах вэ?
-Өнгөрсөн хугацаанд Ажлын хэсэг амсхийх завгүй ажилласан. Үүний үр дүнд “Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт гарсан.
Нийтдээ 300 шахам хуудас материал бэлэн болсон. Энэхүү дүгнэлтээ энэ сарын 20нд багтааж Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар хүсэлтээ хүргүүлээд сууж байна. Ажлын хэсгийн дүгнэлт, шаардлагатай мэдээлэл, материал бэлэн учраас Байнгын хорооны даргын хариуг хүлээж байна.