С.Эрдэнэ: Буруутай үйлдэлд нь тохирсон шийтгэл ногдуулсан
2018.12.04

С.Эрдэнэ: Буруутай үйлдэлд нь тохирсон шийтгэл ногдуулсан

 Монголын мэдээ сонины сэтгүүлч Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдлаа. Хурлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарт улс төрийн хариуцлага тооцох шийдвэрийг гаргасан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөх шийдвэрийг гаргаж, харин УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг дөрөв хүртэлх жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнээс тодрууллаа. 

-АН-аас гаргасан шийдвэр зарчмын хувьд зөрүүтэй байна. Тухайлбал, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзэж гурван гишүүн кноп дарсан шүү дээ. Нэгийг нь хөөж, хоёрынх нь эрхийг хасаж байгаа нь хэр шударга шийдвэр вэ?

-УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарын хувьд  намын шийдвэрээс зөрж товчлуур дарсан. Харин Ж.Батзандангийн хувьд  намын эв нэгдэл, дотоод асуудалтай холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр эсрэг ярилцлага өгч, байр суурь илэрхийлсэн. Эсрэг санал өгсөн гэдэг хоёр үйлдлээр нь намын гишүүнчлэлээс хасах шийтгэл ногдуулж байгаа юм.  Харин нөгөө хоёрт нь намын шийдвэрийн эсрэг байр суурь баримталсан гэдгээр нь нэр дэвших эрхийг нь дөрвөн жилээр хасаж байна. Гэм буруутай үйлдэлд  нь тохирсон шийтгэл ногдуулж байгаа нь шударга зарчим. 

-Н.Алтанхуягийн Засг­ийн газрыг 2014 онд огцруулахад Д.Эрдэнэбат гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байдаг. Тухайн үед яагаад хариуцлага тооцоогүй юм бэ?

-Үүнийг энд ярих шаардлагагүй. Би Ж.Батзандан гишүүний яриаг үзсэн. Ярилцлагадаа янз бүрийн зүйл  ярьж байна лээ. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад хэн ч оролцоогүй. Ганцхан хүн гарын үсэг зурсан нь Ж.Батзандан өөрөө шүү дээ. Надад баримт нь байна. МАН-ын гишүүдийн дунд ганцхан Ж.Батзандангийн гарын үсэг байсан.  Өөр хүний гарын үсэг байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ингэж улаан цагаан худлаа ярьж болохгүй. Ж.Эрдэнэбатын гарын үсгийг Д.Эрдэнэбат гэж андуурсан байх. 

-АН-ын гишүүдийг  кнопоо үнэлсэн гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?

-Энэ үнэн эсэх мэдэгдэх нь цаг хугацаа­ны  асуудал. Тухайлбал, Ж.Батзандангийн ах нь У.Хүрэлсүх Ерөнхий сайдын зөвлөх хийж байгаа нь үнэн. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хийж байгаад огцорсон. Гэтэл эргээд Засгийн газрын тэргүүнийхээ зөвлөхөөр ажиллаж байх жишээтэй. Ж.Батзандангийн өөр нэг ах нь Хөххотын дэд консулаар саяхан томилогдсон нь бас үнэн. Ж.Батзандангийн эхнэр нь  нүүрсний тээвэр хийдэг нь үнэн шүү дээ. Тээврийн компанитай. Л.Болд гишүүн “Богд” банктай нь үнэн. Энэ  бүгдийг ашиг сонирхлын зөрчилтэй холбож, тохироо хийсэн эсэхийг би мэдэхгүй. Хийсэн байхыг бас үгүйсгэхгүй.

-Үүнээс харахад АН дотор задрал болж, хуваагдаж байна гэж ойлгож болох уу?

-Хуваагдсан зүйл байхгүй. Бидэнд булаацалдах эрх мэдэл байхгүй. Ашиг сонирхол ч алга. Сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгээд явж байгаа. Харин хувь хүний ёс зүй, суртахууны асуудал л ярьж байна. Нам дотор ямар ч хагарал байхгүй гэдгийг хэлмээр байна. 

-УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нар намаасаа гарвал  АН бүлэггүй болох уу?

-Тэр хоёр гишүүний хувьд нээлттэй. Тухайн хүн хүсэлтээ гаргаад явбал асуудалгүй. АН бүлэггүй болох байсан ч бид байр сууринаасаа ухрахгүй гэдгийг дахин, дахин хэлмээр байна.