Ц.Цогзолмаа: Би өргөдөл өгөх шаардлагагүй. Танхим шийдвэрээ гаргаад л явна
2018.12.03

Ц.Цогзолмаа: Би өргөдөл өгөх шаардлагагүй. Танхим шийдвэрээ гаргаад л явна

УИХ-ын гишүүн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаагаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Та өөрөө сайдаар ажиллаж байж яагаад Засгийн газрыг огруулах гарын үсэг зурсан юм бэ?

-Улс төр гэдэг бол улстөрийг ёс зүйтэй байхыг шаарддаг. Өнөөдөр хэн нэгэн хүний дохио зангаагаар хөдөлсөн гэхээс илүү би хувь улстөрчийнхөө хувиар шийдвэрээ гаргасан. Үүнээс ямар нэгэн байдлаар буцах булзах шаардлага надад байхгүй. Тийм учраас би гарын үсгээ баталгаажуулж кноп дарсан. 

Ерөнхий сайдыг шийдвэрээ гаргаад ажлаа авахад би ямар ч асуудалгүй гэдгээ сая хэлчихээд гараад ирлээ.

-Засгийн газрын гишүүн танхимынхаа эсрэг гарын үсэг зурах нь ёс зүйтэй асуудал мөн үү?

-Ийм зүйл байдаг. Ерөнхий сайд өөрөө Шадар сайд байхдаа өөрийнхөө танхимын эсрэг гарын үсэг зурж л байсан. Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл Хөдөө аж ахуйн сайдаасаа болилоо гээд гарын үсэг зурж л байсан. Энэ бол улс төрд байдаг процесс.

Би хувь хүнийхээ хувьд ч, улстөрчийнхөө хувьд ч засаг чинь үлдчихлээ намайг аваад үлдээч гэхгүй.

-Таныг өргөдлөө өгсөн гэж ойлгож болох уу?

-Би өргөдөл өгөх шаардлагагүй. Танхим шийдвэрээ гаргаад л явна.

-Та хариуцсан салбараа бодсонгүй юу. Одоо бас л нэг сайд шинээр очно?

-Боловсролын салбарын шинэчлэлийн төлөө би нэг жилийн хугацаанд нойр хоолгүй ажилласан. Гаргасан шийдвэр, хийсэн ажил маань цаг хугацааны дараа зөв буруу нь тодорхой харагдаад явна.

-Таныг дараагийн Засгийн газарт сайдаар үлдээнэ гэсэн учраас гарын үсэг зурсан гэсэн. Энэ үнэн юм уу?

-Ямар нэгэн тийм зүйл байхгүй.

-Намаас хөөх шийдвэр гаргасан гэх мэдээлэл байгаа. Та энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Би энэ намд 30 жилийн өмнө гишүүнээр элсэж байсан. Нам төлөвшиж байж, улс төр төлөвшдөг. Улс төрчдийн төлөвшлөөс парламентийн төлөвшил тогтдог. Тийм учраас УИХ-ын гишүүн болох хүмүүст насны босго тавиач, ажил мэргэжлийн хувьд туршлагатай байх шаардлага тавих ёстой.

-Таныг сайдаасаа  чөлөөлөгдвөл нөхөр, хүүхдүүдийн тань асуудал бас хөндөгдөөд байгаа?

-Миний бага хүү далайн мэргэжлээр төгссөн гуравхан хүний нэг. Ийм мэргэжил эзэмшсэн нь миний хүүгийн буруу юу. Тэгээд ч манай биш АН-ын Засгийн үед мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн. Сингапурт төлөөлөгчийн газар ажиллаж байсан. 

Миний охин Хүмүүнлэгийн их сургууль Аялал жуулчлалын анги төгсөөд Англид мастер хийгээд намайг УИХ, Засгийн газрын гишүүн болохоос өмнө  мэргэжилтнээс эхлээд бүх шатанд нь ажилласан.

Би харин хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө өөрөө зайгаа тавьж өгөх ёстой. 

Миний нөхрийн хувьд эрчим хүчний салбарынхан бүгд мэднэ. Миний нөхөр болсноороо тэр хүн мэргэжлээрээ ажиллах ёсгүй юу.