Японы Нагояагийн их сургуультай БОАЖЯ хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Японы Нагояагийн их сургуулийн Ерөнхийлөгч Мацүо Сэйичи тэргүүтэй төлөөлөгчдийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. Уулзалтад тус сургуулийн Байгаль орчны сургуулийн захирал Нишизава Ясүхико, Гадаад харилцааны газрын дарга Оно Юүкицүгү, Азийн сателит кампусын захирал Исода Фүмио, Монгол дахь кампусын захирал Д.Гангабаатар нар хүрэлцэн ирсэн юм.
Нагояагийн их сургууль нь МУИС, ШУТИС зэрэг сургуультай 10 гаруй жилийн өмнөөс харилцаа холбоо тогтоож, байгаль орчны чиглэлээр оюутан сургасаар ирсэн гэдгийг сургуулийн Ерөнхийлөгч Мацүо Сэйичи энэ үеэр хэлж байлаа. Тус сургуулиас Төрийн албан хаагчдад зориулсан ажиллангаа суралцаж, докторын зэрэг хамгаалах зайны сургалт нэвтрүүлсэн бөгөөд 6 Монгол оюутан энэ хөтөлбөрт хамрагдсанаас 2 нь БОАЖЯ-ных аж.
Н.Цэрэнбат сайд Монгол, Японы хамтын ажиллагаанд үргэлж талархалтай ханддагаа илэрхийлээд Нагояагийн их сургууль цаашлаад Байгаль орчны сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа энэ үеэр илэрхийлэв. Нагояагийн их сургуулийн Байгаль орчны сургууль нь Байгаль орчны асуудал, Хот төлөвлөлт, Байгаль орчны асуудлаас үүдсэн хүмүүс хоорондын харилцааг судалдаг 3 танхимтай юм байна.