Янтэн Түлкү Ринбүчийн товч намтар
2018.07.19

Янтэн Түлкү Ринбүчийн товч намтар

Ловсан Тэнпай Янтэн Ринбүчи бээр Төвдийн Хам аймгийн Дапа-д 1978 оны 12 сарын 15-ны өдөр төржээ.

Ринбүчийг 10 настай байхад Янтэн Ринбүчийн хойд дүрээр тодруулж ширээнд залсан ба Төвд оронд 12 жил амьдарч, сайхан сэтгэлт ард түмний  өлгий нутаг болох Энэтхэг орныг зорьжээ. Өмнөд Энэтхэгт уламжлалт Төвдийн хийдэд шавилан суув. 1990 онд өмнөд Энэтхэгийн Булгүппа дахь Сэра Хийдийн Сэра Мэй коллежид элсэн оржээ. Ринбүчи бээр тэнд уламжлалт Бурханы шашны гүн ухаан, логик, танин мэдэхүйн онол, Бурханы шашны Мета физик болон сансар судлал - Амитаба, Винайн сүм хийдийн зохион байгуулалт, түүний уламжлал зэрэгт шамдан суралцжээ. 2006 онд Гэвш Лхаарамба цолыг хүртэж Дарамсалаа хотын хатуу дэглэмт Тантарын гүн ухааны сургууль болох Гятод 2 жил дээдийн номд шамджээ. Ринбүчи бээр одоогоор Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай ламын төв  албан газарт Сүм хийдийн сахил хүртээх албыг хариуцан ажиллаж байна. Тэрбээр алба хашихын зэрэгцээ Дээрхийн Гэгээнтэнд сургаал ном айлдах бэлтгэл хангахад тусалдаг ба Кайгүүр, Тэнгүүрийн уламжлалт 300 гаруй ном судруудыг шүүх ажлыг гүйцэтгэж байна. Ринбүчи бээр Дээрхийн Гэгээнтний зөвөлснөөр Бурханы шашны анхан шатны суралцагчидад сургаал ном айлддаг байна.  

Монгол орноо морилон ирж лам хуваргууд сүсэгтэн олондоо зориулан

Нууц тарнийн номлолын их эрдэмтэн, Янтэн Тулку Ринбүчэ багш Балдан лхам бурханы жанан, Ногоон дарь эхийн авшиг хүртээх гэж байна. Мөн авшигийн өмнөх нууц бясалгалын аргуудыг заах бөгөөд Лам хуврагууд, сүсэгтэн олон та бүхнийг энэхүү номын айлдварт хүрэлцэн ирэхийг урьж байна. Монголын Бурхан шашинтны Төв Гандан тэгчилэн хийд Идгаа чойлон дацанд 2018 оны 7 дугаар сар 20 нд 11 цагаас

Балданлхам бурханны тухай үүсэл гарвалаас цухас дурьдвал  

Төгс цогт охин тэнгэр буюу Балдан Лхам арван хангал догшин сахиусын нэг Амь бүхний эзэн Лхам сахиус нь хүч чадлын бэлгэдэл очир эрдэнийн сэрээг барин, хорвоогийн амьд бүхнийг тэтгэж, өвчин зовлонгоос ангижруулан, үр удмаа үлдээж, урт насалж, удаан жаргахыг бэлгэдсэн товуу дүрт сахиус ажээ. Монголчууд бид нэрээр дуудахыг цээрлэн Хөх юм гэж нэрлэдэг байна.

Ногоон дарь эх бурхан

Арван зүг, гурван цагийн хамаг бурхад тус тусдаа онцгой ерөөл тавьсан байдаг бөгөөд ерөөл болон ерөөлийн хүчээс гарах их хүчийг нь бид эрхэмлэн шүтдэг. Ногоон Дарь Эх бурхан хамаг амьтдын үйлсийг тэтгэх, хүссэн бүгдийг нь гүйцэлдүүлэх их ерөөл тавьсан бурхан тул түүний магтаалд “Эрдэнэ хүссэн хүн эрдэнэтэй болж хүүхэд хүссэн хүн хүүхэдтэй болно” хэмээн магтсан байдаг. Мөн эх хүний дүрээр заларсан тул энэрэл хайр, их нигүүлсэнгүй сэтгэлийн эх булаг бөгөөд бид үнэнхүү шүтэж чадвал хол ойр гэж ялгалгүй бүгдэд нь хүрч очин түргэн тусладаг. Тиймээс Ногоод Дарь Эх бурханыг “Түргэн Эх” ч гэж нэрлэдэг юм. Ногоон Дарь Эх бурханы лагшин нь ногоон өнгөтэй, хоёр мутартай, зүүн хөлөө хумиж баруун хөлөө унжуулсан, тэргүүн нь зүүн талруу ялимгүй хазайсан байдалтай залардаг. Тэргүүн ялимгүй хазайсан нь амьтдын зовлонг сонсож буй, баруун хөлөө унжуулсан нь амьтдын зовлонг сонсоод дээш авах завгүй заларч буйг илэрхийлж буй.