Шадар сайд Ө.Энхтүвшин Азийн сайд нарын бага хурлыг нээлээ
2018.07.04

Шадар сайд Ө.Энхтүвшин Азийн сайд нарын бага хурлыг нээлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын нээлтийн ажиллагаа өнөөдөр /2018.07.03/16.00 цагт Төрийн ордонд эхэллээ.

Энэхүү хурлыг хамтран зохион байгуулж буй Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ыг төлөөлж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Тусгай төлөөлөгч Мами Мизутори нар Төрийн ордны өмнөх Сүхбаатарын талбайд эрхэм хүндэт зочдоо ёслон угтав. “Тогтвортой хөгжлийг хангахын тулд гамшгийн эрсдэлийг бууруулах нь” сэдэвт энэ удаагийн Азийн сайд нарын хуралд нийт 3500 гаруй төлөөлөгч оролцож байна. Ази, Номхон далайн бүс нутгийн 50 орон, Америк, Европ, Араб, Африк тивийн улс орон болон Засгийн газар хоорондын, бүс нутгийн болон төрийн бус байгууллагын 1584 төлөөлөл хүрэлцэн ирсэн байна.

Хурлыг нээж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ “Өнөөдрийн хурал газарзүйн өвөрмөц тогтоцтой, эрс тэс уур амьсгалтай, урт хугацаанд үргэлжилдэг гамшгийн аюул нь нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг далайд гарцгүй улсад анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог” хэмээн тэмдэглэв. “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал гамшгаас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлийг бууруулах, улс орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инновацийг нэвтрүүлэх үүргээ бүсийн түвшинд амжилттай хэрэгжүүлж байгаа платформ гэж дүгнэж байна. Дэлхийн улс орнууд хүн төрөлхтөнд учирч болзошгүй төрөл бүрийн аюул заналтай тэмцэх, хариу арга хэмжээ авахаас илүүтэйгээр урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд илүү их ач холбогдол өгч тэргүүлэх чиглэлээ болгохын зэрэгцээ бүс нутгийн хамтын ажиллагааны механизмыг байгуулахын чухлыг онцлон үзэх болсон байна” гэж Шадар сайд хэллээ.

Хурлын үеэр Монгол Улсын Засгийн газрын хоёр онцлох арга хэмжээ, сайд нарын болон сонирхогч талуудын хуралдаан, 14 техникийн ба сэдэвчилсэн, 53 салбар хуралдаан болон 13 дагалдах арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар ажиллаж байна. Маргааш 51 байгууллага оролцох танилцуулах үзэсгэлэн нээх бөгөөд 47 илтгэгч өөрийн үйл ажиллагаагаа танилцуулах юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Энэхүү хурлаар Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг бүс нутгийн болон үндэсний түвшинд хэрхэн хэрэгжсэнийг тайлагнаж, 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал” зэргийг бид бүхэн хэлэлцэн батлах болно” гэж мэдэгдлээ. Хурлыг амжилттай зохион байгуулснаар бүс нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын үзэл баримтлал тодорхой болж, бид бүхний хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт илтгэл төгс байгаагаа тэрбээр илэрхийлэв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ