Азийн сайд нарын II бага хурал өнөөдөр эхэллээ
“Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриатай Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын II бага хурал өнөөдөр эхэлнэ.
Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, ОБЕГ-тай хамтран энэ сарын 03-06-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж буй уг хурал өнөөдөр 09.00 цагт Туушин зочид буудалд болох “Хурлын өмнөх оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт”-аар эхлэх юм. Харин албан ёсны нээлт 16.00 цагт Төрийн ордонд болно.
Тус хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй улс, орны өндөр дээд хэмжээний төлөөлөгчдөөс гадна олон улс, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн байгууллага болон хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид зэрэг 3000 гаруй зочин төлөөлөгч оролцоно. Хурлаар "Сендайн үйл ажиллагааны хүрээ" баримт бичгийн эхний 3 жилийн Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний ахиц дэвшлийг дүгнэх юм.
Мөн “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн 2018-2020 оны төлөвлөгөө” “Улаанбаатарын тунхаглал”, “Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл” зэрэг баримт бичгүүдийг батална. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь”, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” гэсэн хоёр онцлох сэдвээр хуралдааныг удирдан зохион байгуулах аж.