2018.06.28

УИХ арван гурван асуудал хэлэлцэж, найман төсөл батлав

УИХ--ын ээлжит хаврын чуулган энэ 7 хоногт хаалтаа хийх гэж байгаа билээ. Чуулган хаахаас өмнө хэлэлцэн, батлах хуулийн төсөл 30 орчим байгаа бөгөөд УИХ цаг сунгана хуралдаж байгаа.

Өчигдөр чуулганы хуралдаанаар хэд хэдэн хуулийг батлаж, мөн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд нь шилжүүллээ. 

АН хоёр төсөл дээр завсарлага авлаа

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар тав хоногийн завсарлага авсан юм. Тус хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг үндэслэн Засгийн газраас гаргасан зарим шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэж, түдгэлзүүлэх, хүчингүй болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөж байгаа хэмээн Засгийн газар үзэж байгаа юм.

Тиймээс хуульд үүссэн  ойлгомжгүй, хоёрдмол утгатай байдлыг засаж, хуулийг нэг мөр ойлгох боломжийг бүрдүүлэх зорилгоор  хуулийн төслийг боловсрууллаа гэж төслийн танилцуулгад дурджээ.
“Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан. Уг тогтоолын Засгийн газар өргөн мэдүүлсэн бөгөөд Тогтоол батлагдсанаар Улсын Их Хурлаас Тавантолгойн нүүрсний орд газрыг цогцоор нь хөгжүүлэх талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болох бөгөөд Тавантолгойн ордын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, иргэдийн эзэмшиж буй хувьцааны ханш өсөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд борлуулах, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр шийдвэрлэх боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзэж байгаа юм.

Найман төсөл батлав

Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 66 хувь нь дэмжсэнээр тус хууль батлагдав. Тус хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм.
Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 71.4 хувийн саналаар дэмжин баталлаа.  Тус хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм.
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 69.4 хувь нь дэмжин батлав. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Батнасан, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар нар санаачилсан юм.
Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүдийн 72.9 хувь нь дэмжиж, батлав. Тус хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Д.Ганболд, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар нар санаачилсан юм.

Багшийн хөгжлийн хууль батлагдав

Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.Гишүүдийн 72.3 хувь нь дэмжиж батлав. Тус хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм.
Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 72.3 хувийн саналаар дэмжиж батлав. Тус хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Д.Ганболд, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар нар санаачилсан юм.
Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Хуулийн төслийг  УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нар санаачилсан юм.
“Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Тус төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм.

Гурван төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв

Ж.Бат-Эрдэнэ сайд Төмөр зам болоод Иргэний нисэхийн бодлогоо хэлэлцүүлж, УИХ-аар дэмжүүлэв

“Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Тус төлийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм. Төслийг төмрийн хүдэр, нүүрсний болон бусад эрдэс баялгийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх зорилгоор Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс хилийн Ханги боомт хүртэл, Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоотын нүүрсний орд газар, цаашлаад хилийн Арцсуурь боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр замын төслүүдийг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгахаар төслийг боловсруулжээ. Гишүүд 71.7 хувийн саналаар дэмжсэн юм. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 
“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын  төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Тус хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм. Агаарын харилцааг либералчлах, нислэгийн давтамжаар бус, суудлын багтаамжаар тохирох зохицуулалтад хүрэхийг эрмэлзэх замаар хоёр талын агаарын тээвэрлэгч зах зээлд ижил тэгш боломжоор хангагдаж, агаарын хөлгийн багтаамжаас хамаарсан дарамт, хүчин чадлын дутуу байдлыг арилгаж, үндэсний агаарын тээвэрлэгчид ач холбогдолтой уян хатан зохицуулалтыг бүрдүүлэх зорилгоор төсөл санаачлагч төслийг боловсруулжээ.Гишүүдийн  66.7 хувь нь дэмжсэн тул “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүлэв. 
 Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 
УИХ-ын 2018 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэсэн. Харин Засгийн газар зарим нэгэн техникийн засваруудыг хийж, дахин өргөн барьж, хэлэлцүүлж байгаа нь энэ юм. Гишүүүдийн 70.2 хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn