2018.06.19
Монгол улсын 2017 оны төсөв 9.4 хувиар давж биелжээ
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Танилцуулгад улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 1646 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 5058 төсөвт байгууллагууд, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан болон Нийгмийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэл хамрагдсан байна. Түүнчлэн төсвийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн тайланд татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг нэгтгэн ирүүлжээ.
Нэгдсэн төсвийн гүйцэтгэл:
Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 7.3 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 591.1 тэрбум төгрөгөөр давж, нэгдсэн төсвийн зарлага 9.0 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 477.1 тэрбум төгрөгөөр дутуу гүйцэтгэлтэй байна. Нэгдсэн төсвийн тэнцэл 1 их наяд 742.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, Дотоодын нийт бүтээгдэхүүн1 - ний 6.4 хувьтай тэнцэж байна.
Улсын төсвийн гүйцэтгэл:
Монгол Улсын 2017 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 5.2 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 446.4 тэрбум төгрөгөөр буюу 9.4 хувиар давж, улсын төсвийн зарлага 7.1 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 281.0 тэрбум төгрөгөөр буюу 3.8 хувиар бага байна.
Тогтворжуулалтын сан:
Зэсийн зах зээлийн үнийн гүйцэтгэл 2017 оны турш тэнцвэржүүлсэн үнээс дээгүүр байсан тул Төсвийн тогтворжуулалтын санд 325.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.