Хотуудын агаарын бохирдлыг хэрхэн бууруулах вэ?
2018.06.19

Хотуудын агаарын бохирдлыг хэрхэн бууруулах вэ?

БНСУ-ын Сөүл хотын захиргаа 2030 он гэхэд агаарын бохирдлоо 40 хувиар бууруулах төлөвлөгөөтэй байгаагаа Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форумын үеэр мэдээллээ. Ингэхдээ нүүрсний хэрэглээг бууруулах, автомашины хорт хийг бууруулах зэрэг үндсэн гурван чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм байна.

Сөүл хотын дэд дарга Жун Бён Юн


Харин Москва хотын удирдлагууд агаарын бохирдлыг бууруулахдаа нийтийн тээвэрт ихээхэн анхаарал хандуулж байна. Ингэхдээ нийтийн тээврийн автобуснуудад парк шинэчлэл хийсэн ажээ. Мөн метрогоор зорчигчдын тоог нэмэгдүүлж, үйлчилгээний цар хүрээг өргөтгөсөн гэж Москва хотын Байгаль орчныг хамгаалах хүрээлэн мэдээлсэн юм.

Москва хотын Байгаль орчныг хамгаалах хүрээлэнгийн захирал Полина Захарова


БНХАУ-ын нийслэл Бээжин хот 2013 оноос хойш таван жилийн турш агаарын бохирдол бууруулах бодлого хэрэгжүүлсэн байна. Энэ хүрээнд 1900 аж ахуйн нэгжийг хааж, нүүрс ашиглалтыг таван сая тонноор бууруулж чадсан гэж БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны орлогч дарга Жан Чин илтгэлдээ онцоллоо. Мөн байгаль орчныг хамгаалах хууль, Бээжин хотын агаарын бохирдлыг бууруулах журам зэрэг хоёр үндсэн эрх зүйн баримт бичиг, дагалдах 40 гаруй зохицуулалтуудыг хатуу дагаж мөрджээ. Бээжин хот 2022 он гэхэд PM 2.5 тоосонцрын хэмжээг улсаас тогтоосон дээд хэмжээнээс бууруулахаар төлөвлөж байгаа юм байна.

Харин Улаанбаатар хотын зүгээс агаарын бохирдлыг бууруулахад дэд бүтэц, орон сууцны төслүүдэд голчлон анхаарч байна. Тухайлбал, орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг 540 сая ам.доллараар санхүүжүүлэхээр болоод байгаа юм.

НИТХ-ын дарга С.Амарсайхан


Б.Бямбасүрэн

Холбоо барих: byambasuren.b@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com