Гурван эмэгтэй тутмын хоёр нь ямар нэг хүчирхийлэлд өртсөн байна
УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга А.Ундраа
2018.06.15

Гурван эмэгтэй тутмын хоёр нь ямар нэг хүчирхийлэлд өртсөн байна

Монголд эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн хэлбэр, тархалт, шалтгаан, үр дагаврыг тодорхойлсон судалгааны тайланг өнөөдөр танилцууллаа.

Энэ хүрээнд 7,300 гаруй эмэгтэйтэй ярилцлага хийж, Монголд ойр дотно хамтрагч болон бусдын зүгээс эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж буй хүчирхийлэл хэт их байгааг олж тогтоожээ.

Судалгаагаар хамтрагчийнхаа үйлдсэн аливаа хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн эзлэх хувь Хэнтий, Дархан-Уул, Өмнөговь, Улаанбаатар, Говьсүмбэр аймагт хамгийн өндөр.

Харин бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн эзлэх хувь Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр, Булган, Ховд аймагт хамгийн их.

Мөн хамтрагч бус этгээд буюу бусдын үйлдсэн хүчирхийлэл залуучуудын дунд түгээмэл байна. 15-аас дээш насны эмэгтэйчүүдийн 17.3% нь бусдын үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд урт хугацаанд өртсөн бол 4.5% нь сүүлийн 12 сард хүчирхийлэлд өртсөн аж.

Судалгааг Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороо хамтран хийжээ.

Судалгааны дүнгийн талаар байр суурь:

АЙМАГ БҮРТ  НИЙСЛЭЛИЙН ДҮҮРЭГ БҮРТ ХҮЧИРХИЙЛЭЛ МАШ ГҮН БАЙГАА НЬ САНАА ЗОВООЖ БАЙНА
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга А.Ундраа “Жендэрт суурилсан үндэсний судалгаа анх удаа хийгдлээ. Энэ судалгааны үр дүнг харахад бол үнэхээр сэтгэл өвдмөөр байна. 

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль батлагдаад жил гаруй болж байна. Үүний хэрэгжилт тодорхой үр дүнгээ өгч байгаа боловч хийх ажил маш их байна. Үүнд нийгмээрээ анхаарал тавьж нөхцөл байдлыг сайжруулах тулгамдсан шаардлагатай. Миний хувьд аймаг бүрт  нийслэлийн дүүрэг бүрт хүчирхийлэл маш гүн байгаа нь санаа зовоож байна.  Энэ тал дээр хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн хамгаалах байрны тоог нэмж, санхүүгийн болон нөхцөл байдлын асуудлыг сайжруулах хэрэгтэй. Иймд төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч ажиллах шаардлага байна гэж харж байна” гэв.

ГУРВАН ЭМЭГТЭЙ ТУТМЫН ХОЁР НЬ ЯМАР НЭГ ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН БАЙНА
Гэрэл зургийг mpa.mn

НҮБ-ын хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара “Энэ судалгааны хүрээнд нуугдмал байгаа хэргүүдийг тодрхой хэмжээнд илрүүлж чадсан гэж бодож байна.

Судалгаагаар хамтрагчтай байсан нийт эмэгтэйчүүдийн 59.9 хувь нь амьдралдаа нэг болон түүнээс олон төрлийн хүчирхийлэлд өртсөн байна гэсэн тоо баримт гарсан. Энэ нь нийт эмэгтэйчүүдийн 3.2 буюу гурван эмэгтэй тутмын хоёр нь ямар нэг хүчирхийлэлд өртсөн байна гэсэн үг юм. 

Үүнээс гадна нийт эмэгтэйчүүдийн 31.2 хувь нь бэлгийн болон бие мах бодийн эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдалтай байгаа юм. Энэ байдлыг шийдвэрлэхийн тулд тодорхой  бодлого шийдвэр гаргах түвшинд арга хэмжээ авах шаардлагатай. Ийм шийдвэрүүдийг гаргахад судалгааны тоон мэдээлэл хэрэг болно гэж бодож байна.

Бидний зүгээс судалгаанд оролцож ярилцлага өгсөн эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд өөрсдийнхөө зүгээс чадах бүхнээ хийсэн” гэв.  

ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮМҮҮСТ МЭРГЭЖЛИЙН ТУСЛАМЖ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛДЭГ БАЙГУУЛЛАГА БАЙХГҮЙ БАЙНА
 
 

Судалгааны төлөөлөл, МУБИС-ийн доктор, дэд профессор С.Түмэндэлгэр “Судалгаанд оролцсон хүмүүсийн ихэнх хувь нь судалгааны явцад л анх удаа хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа мэдээллэж байгаагаа мэдэгдсэн. Яагаад  энэ хүмүүс тусламж дэмжлэг авахгүй мэдээллэхгүй байгаа нь хүчирхийлэлд өртсөн хүмүүст мэргэжлийн тусламж дэмжлэг үзүүлдэг байгууллага байхгүй байна. Иймд юуны өмнө тэдгээрт туслах сэтгэл зүйн болон нийгмийн ажлын зөвлөмж үйлчилгээг бүрдүүлэх шаардлагатай.

Мөн урьдчилан сэргийлэх талаас нь хөвгүүдэд мэдээлэл өгөх, ухамсарт нь суулгах асуудал яах аргагүй чухал хэрэгтэй байна. Чанарын судалгаа талаас нь хүүхдүүдэд түрэмгий зан авиртай ууртай зожиг мөн хүүхэд өөрөө өөртөө итгэлгүй болох, сэтгэл зүйн хувьд хямралд орох гэх мэт үр дагавар их ажиглагдсан.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидуудын тухай мэдээллээс харахад хойд эцэг болон ойр дотны хүмүүсийн, тэр ч байтугай төрсөн эцгийнхээ бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан тохиолдолууд ч судалгааны мэдээлэлд байна. Тэдний ээжүүд нь ч мөн хамтрагчийнхаа хүчирхийлэлд өртдөг гэсэн төлөв байдал ажиглагдсан.
Энэ бүхэнд мэдээж төрөөс тодорхой хэмжээний төсөв мөнгө зарцуулах ёстой юм. Харин тэр зарцуулах мөнгө бол ирээдүйн эсвэл 10 жилийн дараах хүчирхийллийн хэмжээг бууруулахад эерэг үр нөлөө авчирна.

Хүчирхийллийн асуудлыг үл тоож болохгүй. Хэрвээ тэгвэл хүчирхийлэл улам даамжирч миний, таны хүүхэд дараагийн нөхцөлд хүчирхийлэлд өртөгч эсвэл хүчирхийлэгч болох эрсдэлт нөхцөл улам нэмэгдэх байдалтай байгаа гэдгийг энэ судалгаа харуулж байна” хэмээв.

ХҮЧИРХИЙЛЛИЙН АСУУДАЛД ТӨР ЗАСГААС ТӨСВИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг  “Сүүлийн жилүүдэд жендэрт суурилсан хүчирхийллийн талаар тодорхой бодлого арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Яг энэ хүчирхийлэлд өртсөн хохирогч тал дээр нилээн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Жишээ нь олон  улсын байгууллагуудтай хамтарч аймгуудад хохирогчийг хамгаалах байрууд, сэтгэл зүйн үйлчилгээ гэх мэтийг үзүүлж байгаа. Энэ асуудалд бид олон улсын санхүүжилт дэмжлэг татаж байгаа. Гэсэн хэдий ч төр засаг маань төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай юм. Энэ судалгааны үр дүнд төсөв нэмэгдэж үйл ажиллагаа маань илүү уялдаа холбоотой зохион байгуулалттай үргэлжлэх байх гэж бодож байна” гэлээ.

СУДАЛГАА: