100 айлыг нүүлгэх нь жаргалтай Улаанбаатарыг цогцлоох эхлэл юм
Цэвэр тохьтой орчинд, сэтгэл амар амьдрах юмсан гэдэг хүсэл нийслэлийн иргэн бүрт бий.
Гэвч түгжрэл, буруу төлөвлөлт, хог хаягдал гээд уурлуулж, бухимдуулах зүйлс нийслэлд дэндүү их байна. Дэлхийн хотуудыг эрүүл аюулгүй орчинтой, хүн амьдрахад таатай байдлаар нь жагсаахад буурал европын хотууд үргэлж тэргүүлдэг. Үүний цаад шалтгаан нь хот төлөвлөлтийн зөв шийдэл гэж харагддаг.
Өнөөдөр Улаанбаатар хотын төлөвлөлт утгаа алдаж, зах замбараагүй барилга байшин баригдаж, хуучин хороололтой, шинэ хотхонууд зэрэгцэн оршиж, дэд бүтэц, цахилгаан хангамжийн хүрэлцээ муудаж, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөл байдал алдагдахад хүрээд байна.
Тэгвэл төлөвлөлтөөс үүдэлтэй энэ нягтралыг төр захиргааны байгууллага шийдвэрлэж, хязгаарлалт тавьж, таатай амьдрах орчинг бүрдүүлэх учиртай. Гэвч Улаанбаатар хотын нягтралыг цэгцлэх асуудал сонгуулийн амлалтаас цааш хэтрэхгүй байсаар өдийг хүрчихсэн байна.
Харин саяхнаас овоо аятайхан шийдвэр дуулдах болсон нь зуун айл дахь барилга байгууламжийг цэгцэлж, барилгын материал худалдааны төвийг Улаанбаатар хотоос гаргах ажил юм. Олон ч даргын үед яригдаж байсан ч тэгсгээд өнгөрдөг байсан зууны айлыг нүүлгэх ажлыг НИТХ-ын дарга С.Амарсайхан эхлүүлж чадлаа.
Зуун айлыг нүүлгэж чадвал Сүхбаатар дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрийн замын ачаалал, нягтрал тун аятайхан болно. Зуун айлын хөдөлгөөний ачаалал буурвал сансар, шар хад чиглэлийн ачаалал ч багасна гэж харагдаж байгаа. Үүнээс гадна агаар болон хөрсний бохирдолд өртөөд буй зуун айл орчим өргөс сугалсан мэт л өнгө зүс орно гэж оршин суугчид нь тайлбарладаг. Тиймээс ч С.Амарсайхан даргын эхлүүлсэн ажил амжилттай хэрэгжиж, хотыг зөв төлөвлөх үйл нь бүтэмжтэй байгаасай гэж хүсч байгаа.
Үүний дараагаас Нарантуул, Өгөөмөр, Цайз, Да хүрээ гээд томоохон худалдаа үйлчилгээний цэгүүдийг хотоос гаргах ажлыг шат дараатай, оновчтой зохион байгуулах хэрэгтэй. Ингэж л хотын түгжрэлийг шийдэх, цэгцлэх боломжтой юм. Түүнээс мянган зам тавьж, автомашины улсын дугаараар хязгаарлаад энэ их түгжрэл бөөгнөрлийг цэгцлэж чадахгүй.
Түгжрэлгүй хотод ажил, үйлчилгээ ч шуурхай явагдана. Үүнийг дагаад иргэдийн сэтгэл ханамж ч дээшилж, нөгөө яриад байдаг сайхан хотуудтайгаа өрсөлдөж эхлэх юм. Аз жаргалтай хотыг цогцлоох зөв шийдэл бол эмх замбараагүй байдлыг цэгцлэх юм. Түүнээс хөшөө босгож, гудамжинд гэрэл асаалаа гээд иргэдийн бухимдал арилдаггүй гэдгийг манай дээдчүүд ойлгодог болсон байлгүй. Тиймээс зөв ажилдаа хүчээ төвлөрүүлж, нам улс төрөөс ангид байж, нэгдэж ажиллана гэдэгт итгэж байна.