Нийслэл 2019 оны хөгжлийн бодлого, хөрөнгө төлөвлөлтийн талаарх сургалтыг зохион байгууллаа
2018.05.31

Нийслэл 2019 оны хөгжлийн бодлого, хөрөнгө төлөвлөлтийн талаарх сургалтыг зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Нийслэлийн хөгжлийн бодлоготой хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг уялдуулах нь” сэдэвт сургалтыг өчигдөр зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төлөвлөгч, эдийн засагч нар хамрагдсан. Семинарыг нээж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа үг хэлэв.

Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын дарга Г.Батхүрэл Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн талаар болон улсын эдийн засгийн 2019 оны төлвийн талаар танилцуулгыг хийсэн. Мөн Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Ж.Дэлгэржаргал Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, 2019-2020 оны төлөвлөлтөд анхаарах асуудлуудыг танилцууллаа. 2018 онд Монгол Улсын төсвийн тухай хуулийн дагуу нийслэлд 193.8 тэрбум төгрөгийн 210 төсөл, арга хэмжээ хэрэгжихээр батлагдсан. Энэхүү хөрөнгө оруулалтын дийлэнх хэсэг нь боловсролын салбарт хэрэгжих бөгөөд 34 цэцэрлэг, 52 сургуулийн барилга нь 2019-2020 онд ашиглалтад орсноор 2020 он гэхэд 3 ээлжээр хичээллэдэг сургуулийг 2 ээлжид бүрэн шилжүүлэх юм.

Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлстийн дарга Г.Өлзийбаяр Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулахад анхаарах зүйлс, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Эрдэнэчимэг Нийслэлийн хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд анхаарах зүйлийн талаар танилцуулгыг тус тус хийлээ.

Германы  олон  улсын  хамтын  өжиллагааны  нийгэмлэг, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй  “Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төслийн II үе шатны хүрээнд 2018-2021 оны хооронд нийслэлийн 20 гаруй сургууль, цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах, дулаан техникийн их засварын ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн хөрөнгө оруулалтын удирдлага, бодлогын орчин, засаглалыг сайжруулах ажлын хүрээнд, нийслэлийн Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтийг боловсронгуй болгох аргачлалыг боловсруулах юм