Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн дүрмийн өөрчлөлтийг баталлаа
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 9 тэргүүлэгчээс 7 тэргүүлэгчийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаанаа эхлүүллээ.Хуралдаанаар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сангийн мэдээлэл сонсгол, Хүн амын ахуй үйлчилгээ- 2020 дэд хөтөлбөрийг батлах, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журамд нэмэлт өөрчлөлт оруулах, Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах, Олон нийтийн санаачлагыг дэмжих, Бусад гэсэн 6 асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сангийн мэдээллийг тус номын сангийн захирал Д.Индра танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа номын сангийн өнөөдрийн нөхцөл байдал, үзүүлдэг үйлчилгээний төрөл, тулгамдсан асуудал, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл хөтөлбөр, салбар номын сангуудийн үйл ажиллагааны тухай мэдээллийг хүргэлээ.
Номын сангийн 5 бүрэлдэхүүн номын сангуудын хувьд ном уншлага, гэрээр ном олгох үйлчилгээ, солилцоо зөөврийн үйлчилгээ, фондын бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалт, лавлагаа, нрм хэвлэх сэлбэн засах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн үчлилгээ, мэргэжил арга зүйн үйлчилгээ, соёл, олон нийтийн ажлын үйлчилгээ зэрэг 10 нэр төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг, 2017 онд тус номын сангаар нийт 19517 уншигч үйлчлүүлсэн байна. Мөн онд 492 нэрийн 2043 ширхэг, 40,7 сая төгрөгийн ном бүрдүүлэлтийг хийсэн гэдгийг танилцуулгадаа дурьдлаа.
Төлөөлөгчдийн зүгээс хүүхэд багачуудын ном унших дуртай болгох, шинэ номын баяжуулалт ямар хэмжээнд байдаг, дүүргүүдэд номын сангийн үйлчилгээг хэрхэн хүргэх, жилдээ ямар хэмжээний төсвөөр ном худалдан авдаг, цахим ном уншилтыг хэрэгжүүлэх боломж бий юу, хүүхдүүдийн ном унших сэдлийг хэрхэн төрүүлэх гэх зэрэг асуултуудыг Улаанбаатар номын сангийн захирал Д.Индраагаас асуулаа.
Д.Индра "Сурагч хүүхдүүдийг РС-ээс номын сан руу очих дуртай болоход чиглэсэн төслийг бичээд хэрэгжүүлэхийг зорьж байна. Цахим номын тухайд зохиолчидтой оюуны өмчийн асуудлыг ярих, зардал тооцох шаардлага тулгардаг учраас энэ чиглэлийн ажил хийгдээгүй, жилдээ 5 номын нийтдээ 1.8 сая төгрөгөөр шинэ ном авдаг, дүүргүүдийн соёлын төвийг түшиглэн явуулын номын сангийн үйлчилгээг хэрэгжүүлж байгаа, хүүхэд багачуудыг ном унших дуртай болгохын тулд номын санг "унтаа орчин" биш идэвхтэй орчныг бүрдүүлэх хэлбэрийг ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа" гэв.
НИТХ-ын тэргүүлэгч Д.Мөнхжаргал "Хүүхдүүдийн ирээдүй, хүмүүжил, соёл гэгээрэл рүү хандсан ажлын төсвийг 2019 оноос нэмэх ёстой. Хүний хөгжил, хүүхдийн ирээдүй ярихаар өөдөөс тийм ч барилга, ийм ч зам барих нь чухал гэж ярьдагаа бид одоо болих хэрэгтэй. Д.Индра номын баяжилтыг нэмэгдүүлэх асуудалд анхаарч ажилаарай, НИТХ дэх Нийгмийн бодлогын хороонд хандан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжсэн төслөө бариад ирээрэй" гэсэн бол тэргүүлэгч Б.Батнасан "Сар бүр 1.8 сая төгрөгөөр шинэ номын баяжилт хийнэ гэдэг бага мөнгө биш, гол нь хүнд хэрэгтэй зөв номоо сонгож авах чухал, хүүхдүүдийг ном уших сэдлийг төрүүлэх чиглэлээр сайн ажиллаарай, мөн зусланд гарч байгаа хүүхдүүдэд ном унших боломжийг судлаж хэрэгжүүлээрэй" гэв.
НИТХ-ын дарга С.Амарсайхан "Ном бол мэдлэг мэдээллийн том эх сурвалж. Хүүхдүүдэд ном уншиж мэдлэг мэдээллийг цэгцтэй системтэй авах зөвлөмж зөвлөгөө, арга барилгыг өгөх, тэднийг номтой нөхөрлүүлэх чиглэлийн ажлаа үр дүнтэй хэрэгжүүлээрэй. Улаанбаатар хотын дүүрэг, хороо бүрт номын сангийн үйлчилгээг нэвтрүүлэх, хүүхэд багачуудын номд ойрхон өсгөхийг зорих нь бидний чухал зорилт төдийгүй өнөөгийн нийгэмд ус агаар мэт хэрэгтэй зүйлийн нэг. Нийслэлийн зүгээс энэ чиглэлд дэмжээд ажиллана, мөн гадаад дотоодын байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, үндэсний компаниудын оролцоотойгоор ном эрдмийг дэлгэрүүлэх, хүүхэд багачуудыг оюунлаг болгох чиглэлд бид хамтарч ажиллана гэв.
Тэргүүлэгчдийн хурлын рэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журамд нэмэлт өөрчлөлт оруулах журмыг НЖДҮДТ-ын дарга Д.Баярсайхан танилцууллаа. Тэрбээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн журамд оруулах нэмэлт өөрчлөлтийг хүргэж, Сангийн журманд 4 заалт шинээр нэмэх, 1 заалтад найруулгын өөрчлөлт оруулах, 1 заалтыг хасах өөрчлөлтүүдийг оруулахаар болж байгааг мэдээллээ. Тэргүүлэгчид холбогдох асууж, хариулт авч, НЖДҮД сангийн журмын өөрчлөлтийг дэмжиж, өмнөх тогтоолыг хүчингүй болгож шинэ тогтоол гаргахаар болж холбогдох тогтоолыг гаргалаа.