УИХ-ын тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2018.05.01

УИХ-ын тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо (2018.5.01) хуралдлаа.

Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Оюуны өмчийн газрыг татан буулгаж, Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болгож өөрчлөн байгуулсан.

Тэгвэл оюуны өмчийн эрхийг хамгаалах төрийн чиг үүргийг бүртгэлийн байгууллагад шилжүүлж нэгтгэснээр Монгол Улсын оюуны өмчийн эрхийн хамгаалалтын тогтолцоог алдагдуулж, сулруулах нөхцөл болж байна гэж Засгийн газар үзсэний үндсэн дээр оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг хангах, олон улсын гэрээ, конвенциар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх зорилтын үүднээс оюуны өмчийн байгууллагыг бие даалгаж байгуулахаар Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулж өргөн барьсныг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн. Мөн урьд нь Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын нэр бүхий 10 гишүүнээс энэ оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, хоёр төслийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлийг Төрийн байгуулалтын байнгын хороонд өгсөн юм.

Энэ үндсэн дээр Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар уг хууль, тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг суурь болгож хэлэлцэх зарчмын зөрүүтэй санал гаргав.

Уг саналтай холбогдуулан Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хуулийн төсөл санаачилсан Н.Учрал гишүүнтэй төслийг өргөн барихаас өмнө болон дараа нь ч санал солилцсон. Засгийн газрын зүгээс Оюуны өмчийн газрыг урьд нь байсны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байлгах нь зөв гэж үзсэн. Засгийн газрын энэ санал дэмжигдвэл инновацийн асуудлыг шинэ агентлагийн нэрэнд биш эрхлэх асуудлын чиг үүрэгт зааж өгөх боломжтой гэж үзэж буйгаа хэллээ.

Харин санал санаачлагч гишүүн Н.Учрал Оюуны өмчийн газрыг бие даалгаж байгуулах талаар Засгийн газраас оруулсан тогтоолын төслийг дэмжээд явах боломжтой гэж үзэж байгаа, тиймээс Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө татаж авч буйгаа мэдэгдсэн юм.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжив. Мөн уг хуулийн дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.