Шинэхэн гавьяат, доктор, хурандаа нартаа хүндэтгэл үзүүллээ
2018.04.11

Шинэхэн гавьяат, доктор, хурандаа нартаа хүндэтгэл үзүүллээ

Онцгой байдлын байгууллагын гурван үеийн төлөөллийг оролцуулсан өвөрмөц нэгэн арга хэмжээ өнөөдөр ОБЕГ-т боллоо.

Онцгой байдлын байгууллагын тулгын чулуу болсон Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын байгууллагын удирдлагаар ажиллаж байсан бэлтгэл комиссар Д.Хишигбаатар, бэлтгэл хурандаа Д.Рэнцэнханд нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Үйлчилгээний болон Холбооны гавьяат ажилтан цолоор шагнагдсан юм. Өнөөдөр ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд шинэхэн гавьяатуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Онцгой байдлын байгууллагын өнөөдрийн хөгжлийн түүхийн хугацаанд та бүхний оруулсан хувь нэмрийг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж, төрийн дээд шагналаа хүртээсэнд туйлын баяртай байна. Энэхүү үйл явдал Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг төр засаг, ард түмэн үнэлж, дэмжиж байгаагийн томоохон илрэл. Онцгой байдлын байгууллагаас энэ хугацаанд зургаан гавьяат цолтон төрлөө. Та бүхэн бидний бахархал юм шүү” хэмээлээ.

Энэ үеэр мөн доктор цол хүртсэн Онцгой байдлын байгууллагын дунд үеийн төлөөлөл НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Я.Жаргалсайхан, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн химич-судлаач, ахмад П.Чимэдцэрэн нарт хүндэтгэл үзүүллээ.

Хурандаа Я.Жаргалсайхан “Хүн амын нүүлгэн шилжүүлэлт, түүнийг боловсронгуй болгох арга зам” сэдвээр, ахмад С.Чимидцэрэн “Химийн хорт бодисоос үүсэх эрсдэл, түүнийг бууруулах арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан юм.

Мөн гал сөнөөгчөөс ажлын гараагаа эхэлж, эдүгээ удирдах албан тушаалд томилогдон хурандаа цол хүртсэн Онцгой байдлын байгууллагын алсын хараа, бодлогыг тодорхойлох, хууль эрх зүйг боловсронгуй болгох, байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн хүний нөөцийг бэлтгэх, сургаж дадлагажуулах, мэргэшүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа  ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын Стратегийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баянмөнх, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны эрхлэгч Х.Сүхбаатар нарт баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Энэ үеэр ОБЕГ-ын БЗХАГ-ын мэргэжилтэн Т.Билгүүн, Э.Энэрэлбуян нар Онцгой байдлын байгууллагын офицер бүрэлдэхүүний эгнээнд шинээр орж, анхны цолоо шинэхэн гавьяатуудаас гардаж авсан нь онцлог байлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.