ОБЕГ-т 118.5 мянган ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмж хандивлалаа
2018.04.06

ОБЕГ-т 118.5 мянган ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмж хандивлалаа

Нисдэг тэргээр ус болон хөөс шүршиж, гал унтраах зориулалттай гурван хоногийг дагалдах хэрэгслийн хамт “Риотинто” групп, Монголын Монголын Улаан загалмай нийгэмлэгийнхэн өчигдөр ОБЕГ-т хандивлалаа.

Өнгөрсөн жил ой, хээрийн түймэр газар авахад онцгой байдлын албаныхан хүчин мөхөстсөн. Тухайн үед төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, олон нийт сайн дурын аян зохион байгуулж байв. Үүнд 330 мянга гаруй иргэн оролцож, одоогоор ОБЕГ-ын хандивын дансанд 1.3 тэрбум төгрөг төвлөрөөд буй гэнэ. Тухайн үед өрнөсөн аяны үргэлжлэл болгож “Рио тинтогруппийнхэн тусламжийн гараа сунгаж буй нь энэ.

Тус группийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Мөнхтүшиг, “Оюутолгой” компанийн аюулгүй байдал, гэнэтийн ослын удирдлага хариуцсан менежер Виллем Кроне нар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянд тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн юм.

Тэрбээр “Байгалийн аюулт үзэгдэл, гамшиг ослуудаас ой, хээрийн түймэр хамгийн их хохирол учруулдаг. Байгалийн гамшгаас болж жил бүр 100 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирдгийн дийлэнхийг ой, хээрийн түймэр эзэлдэг. Өнгөрсөн жил 225 удаа түймэр дэгдэж, 77 орчим тэрбум төгрөгийн хохирол учирч, 530 гаруй га газар шатсан. Ойн гүнд гарсан түймэрт ойртож очих унаа бидэнд байдаггүй. Манай албан хаагчид мориор болон явган явж хүрдэг. Үүнээс болж хугацаа нэлээд алдаж, түймрийн тархалт ихэсдэг. Тиймээс нэн шаардлагатай байсан тоног төхөөрөмжийг хандивласан “Рио тинтогруппийнхэнд талархсанаа илэрхийлье” гэлээ.

Уг тоног төхөөрөмж нь 118 506 ам.долларын өртөгтэй бөгөөд 1-3 тоннын багтаамж бүхий, ус, хөөс агуулах гурван савтай. Алслагдсан бүс нутаг, хөвч тайгад гарсан, хүн болон тээврийн хэрэгсэл хүрч очих боломжгүй газарт гарсан түймрийг агаараас унтраахад зориулагдсан аж. Түүнчлэн нисдэг тэрэгнээс ус шүрших хоногийн систем үйлдвэрлэлээрээ салбартаа тэргүүлэгч, Австралийн “Эс И Ай интернэйшнл” компанийн бүтээгдэхүүн бөгөөд манай улсад анх удаа нэвтрүүлж буй. Цаашид ОБЕГ, Зэвсэгт хүчний жанжин штабын “Ми-171” нисдэг тэргэнд суу- рилуулж, аврагч, нисэх багийг сургах ажлыг “Рио тинто” групптэй хамтран гүйцэтгэх гэнэ.

“Рио тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Мөнхтүшиг “Өнгөрсөн жил гарсан ой, хээрийн түймрийг унтраахад иргэд, олон нийт идэвхтэй оролцсон. Тэр үеэс манай компани нэн шаарддагатай тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх зорилго тавьсан юм. Ингээд Австрали улсаас уг төхөөрөмжийг захиалж авчирлаа. Цаашид ч тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ” гэв.

Он гарсаар улсын хэмжээнд зургаан удаа түймэр гарчээ. Одоогоор Хөвсгөл аймгийн Түнэл, Чандмань-Өндөр суманд түймэр дэгдэж, онцгой байдлын албан хаагчид, иргэд унтраахаар ажиллаж байгаа аж. Гал түймрийн 70-80 хувь нь иргэдийн санамсаргүй үйлдэл, болгоомжгүй байдлаас шалтгаалдаг.

Дашрамд дурдахад, ирэх хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиудад гамшиг, ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, зайлшгүй тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай хичээл оруулахаар ОБЕГ, БСШУСЯ-тай хамтарч ажиллаж буй бөгөөд сурах бичиг нь бэлэн болсон аж.