"Сэтгүүлчид ба элчин сайдууд” уулзалт боллоо
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулж буй "Сэтгүүлчид ба Элчин сайдууд” уулзалт "Blue Sky” зочид буудлын Кристал танхимд боллоо.
Тус уулзалтад Монгол Улсад суугаа элчин сайдууд, Ерөнхий консул, Олон улсын байгууллагын төлөөлөгчид болон хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын төлөөллүүд оролцсон юм. "Сэтгүүлчид ба Элчин сайдууд” уулзалтыг нээж Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар үг хэлэхдээ сэтгүүл зүйн салбарын ач холбогдол, дөрөв дэх засаглалтай сайтар хамтран ажиллаж, олон нийтэд өөрсдийн үйл ажиллагааг зөвөөр таниулах хэрэгтэйг онцолсон юм.
Мөн тэрбээр "Хүрэлцэн ирсэн Элчин сайдууд, суурин төлөөлөгчид болон сэтгүүлчид та бүхэнд талархал илэрхийлье. Энэхүү уулзалт нь хэвлэл мэдээлэлтэй харилцах харилцааг улам өргөжүүлсэн, хоёр орны харилцааг бататгахад маш чухал үүрэгтэй, зөв зүйтэй арга хэмжээ боллоо" хэмээн онцлон тэмдэглэсэн юм.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Монголын сэтгүүлзүйн салбарын шинэ дэвшилтэд хөгжил болон 10 жилийн зорилт, 2018 оны бүтээлч ажлын төлөвлөгөөгөө танилцуулав.
Тэрээр 105 жилийн түүхтэй Үндэсний сэтгүүлзүйн салбар, 67 жилийн түүхтэй МСНЭ-ийн нэр хүндийг өндөрт өргөж, ардчиллын амин сүнс болсон чөлөөт хэвлэлийг хамгаалан хөгжүүлэх, хэвлэлийн эрх чөлөөг дээдлэх, сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн салбарын ажилтан ажиллагсад, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эрх ашгийг тууштай хамгаалах, санхүүгийн хараат бус байдлыг дээшлүүлэх, гадаад харилцааг хөгжүүлж МСНЭ-ийн бие даасан, хараат бус, шинэ дэвшилтэд хөгжлийг авчрахын төлөө зорьж байгаагаа илэрхийллээ.
"Сэтгүүлчид ба Элчин сайдууд” уулзалтад Монгол Улсад суугаа 30 гаруй элчин сайд, Ерөнхий консул, дипломатууд хүрэлцэн ирж, сэтггүүлзүйн салбар салбарын төлөөлөл бүхий 50 гаруй сэтгүүлчид, редактор, эрхлэгч нартай нүүр тулан уулзаж, санал солилцон, хамтын ажиллагааны таатай нөхцлийг эрэлхийллээ.
Түүнчлэн хүндэт зочид Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар болон МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр нарт энэхүү уулзалтыг зохион байгуулж, урьсанд талархал илэрхийлж, Монголын сэтгүүлзүйн хамгийн сүүлийн үеийн дэлгэрэнгүй мэдээллийг авч, цаашид хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцаагаа улам өргөжүүлэх, хамтран ажиллах зэрэг олон асуудалд санал солилцлоо.