Японы хөрөнгө оруулалтаар 17 дугаар цэцэрлэгийн засварыг хийхээр боллоо
2018.03.14

Японы хөрөнгө оруулалтаар 17 дугаар цэцэрлэгийн засварыг хийхээр боллоо

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нар өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Нарангийн энгэрийн хогийн цэгийн үйл ажиллагаатай танилцав.

Япон улсын Засгийн газрын JICA байгууллагын төслийн буцалтгүй тусламжаар Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг 2009 онд байгуулсан.

“Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл"-ийн хүрээнд ландфилл технологийн дагуу хог хаягдлыг хөрсөөр хучин дарж булах үйл ажиллагааг явуулж байна. Мөн тухайн бүсийн хашаанд нийслэлийн хэмжээний эмнэлгүүдийн аюултай хог хаягдлыг устгах “Элемент” ХХК давхар үйл ажиллагаа явуулдаг.

2009 онд Улаанбаатар хотод хоногт 1500 тонн хог хаягдал гардаг байсан бол өнөөдөр гурав дахин өсч, хоногт 3500 тонн хог хаягдал гарч байна. Нийслэлийн хог хаягдлын 60 хувийг Нарангийн энгэрийн хогийн цэгт авчран булж буй юм. Өнөөдрийн байдлаар ландфилл технологийн дагуу хог хаягдлийг 7 үе булсан бөгөөд 2020 он хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байгаа аж.


Мөн уг арга хэмжээний дараа дүүргийн VII хороонд байрлах 117 дугаар цэцэрлэгт сайд Д.Сумъяабазар болон Элчин сайд Масато Такаока нар очсон юм. Тус цэцэрлэгт Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” төслийн 170 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварын ажлыг хийхээр болжээ.

Энэ талаар сайд Д.Сумъяабазар “Нийслэл хотын томоохон цэцэрлэгийн нэг болох 800 хүүхдийн багтаамжтай 117 дугаар цэцэрлэгт сурч хүмүүждэг хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдлыг хангаж, сургалтын таатай нөхцөлийг бүрдүүлж байгаад талархаж байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт 2018 онд Гүнжийн нуурны дэргэд нэг цэцэрлэг баригдахаар энэ хавраас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Мөн нуурын наад талд 150 хүүхдийн ортой цэцэрлэг баригдаж байгаа. Ер нь зөвхөн тойрогтоо гэлтгүй дүүргийн хэмжээнд Япон зэрэг орнуудын тусламжаар цэцэрлэг сургууль барих, засварлах чиглэлээр ажиллаж байгаа” гэлээ.

Тэрбээр өнгөрсөн онд санаачлан Японы Жүдогийн Найрамдал нийгэмлэг болон улс болон тус улсын ТББ-ууд, СХД-ийн ЗДТГ,ИТХ-ын дэмжлэгтэйгээр “М.1- бөхийн клуб” спорт цогцолборыг байгуулсан билээ. Тэгвэл энэ онд Баянхошуу бүсийн хүүхэд залуусыг спортоор хичээллэх боломж нөхцөлөөр хангах үүднээс газрын асуудлыг дүүргээс шийдвэрлүүлж, 400 орчим сая төгрөгийн хөрөнгөөр спорт комплекс байгуулахаар төлөвлөж буйгаа дуулгалаа.

117 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимд цэцэрлэгийн барилгын их засварын ажлыг эхлүүлэх албан ёсны арга хэмжээний хүрээнд гэрээг үсэглэх ёслол болсон юм. Гэрээг Элчин сайд Масато Такаока болон дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар байгууллаа.