Б.Ууганбаяр: Онцгой алба бол хүн төрөлхтөнд сунгасан бурханы гар
2018.03.12

Б.Ууганбаяр: Онцгой алба бол хүн төрөлхтөнд сунгасан бурханы гар

Нийгэм гэлтгүй сэтгүүлчдэд хамгийн эрэлттэй салбар бол онцгой байдал. Шуурхай мэдээллийг найдвартай эх сурвалжаас тодруулахын тулд ажлын цаг дууссан ч хамаагүй л утас цохидог. Тэр дундаа хөдөө гадаа их явдгаар нь мэдээллийг газар дээрээс нь лавлах үүднээс Б.Ууганбаяр хурандаа руу утасдах нь элбэг. Дуудлага бүрт төвөгшөөлгүй хариулт өгдөг учраас бусад салбараас, албанаасаа хамгийн “амар хүн” гэж хэвлэлийнхэн тодорхойлох үе бий. Энэ нь магадгүй утсаа унтраах эрхгүй. Өдөр шөнийн алинд ч дуудлага ирвэл хариулах үүрэгтэй албаных нь онцлог ч байж мэднэ.  Эх орноо батлан хамгаалах чин сэтгэлтэй эрчүүдийн баяр Монгол цэргийн өдрийг угтаж мөрдэс зүүсэн цэргийн хурандаагийн   “Амьдралын тойрог”-т саатав.

Мөрдэстэй байгуул­лагуу­дын дунд цэргийн баярыг угтсан спортын тэмцээн уралдаан аль хэдийнэ эхэлжээ. Тэмцээн дундуур Б.Ууганбаяр хурандаа руу утас цохиж, уулзах зөвшөөрөл авлаа. Харин тодорхой цаг товлож чадсангүй. Гэсэн ч тэрээр амралтын өдрөөр хариуцлагатай зангаараа тэмцээний дундуур зав гаргаж бидэнтэй уулзсан юм. “Онцгой байдлын албаны баг тамирчид  амжилттай оролцож финалд тоглохоор боллоо, буцаж очино. Яарч явна” гэснээр түүний ажил, амьдралын талаар хөөрөлдсөн юм.

Хичээлээ таслаад цементэн хашаа, барилгын агуулахад хэвтчих үе байсан. 

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр өөрийгөө анхдагчдын өлгий нутгийнх гэж тодотгов. Аав нь  Бугат, ээж нь Сайхан сумынх гэнэ. Харин зочин маань аймгийн төвд төрж, өсчээ. Эцэг эх нь сум орон нутагтаа барилга барьдаг байсан учраас Б.Ууганбаяр хурандаагийн бага залуу нас шавар зуурч, тоосго өрж өнгөрсөн гэхэд хол зөрөхгүй. Дөрвөн эмэгтэй дүүтэй, айлын ганц хүү хэдий ч багаасаа хар бор ажилд шамдаж хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрчээ. Тэрээр бага насаа дурсахдаа “Аав, ээж сум дамжаад барилга барьдаг. Би 1-3 ангидаа сургуульд бараг суугаагүй. Хичээлээ таслаад цементэн хашаа, барилгын агуулахад хэвтчих үе байсан. Эцэг эх маань насаараа барилгын салбарт ажиллаад ээж маань гавьяаны амралтаа авсан. Охидтойгоо амьдарч байна. Мэргэжлийн бус ч одоо ч барилгын талаар ярихад их хол зөрөхгүй дээ” гэв.

Б.Ууганбаяр хурандаад аавынхаа ажил мэргэжлийг өвлөж барилгын инженер болохоор зорьж тэмүүлж байсан үе бий. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд 6-7 ангиасаа зуны амралтаараа барилга дээр ажиллаж, цалингаараа хичээлийн бэлтгэлээ базаана. Тодорхойлолтоо аваад очихоор ангийнхаа “Хөдөлмөрийн аварга” сурагч болчихдог байж. Гэвч нэг л өдөр цэргийн сургуульд орохоор болсон  тухайгаа “Хувь заяагаар цэргийн сургуульд орсон. Техникийн их сургуулийн барилгын инженерийн ангид орохоор төлөвлөж байтал нагац ах ирээд “Ер нь цэргийн сургуульд орвол дээр. Хувцас, байр нь бэлэн” гэж хэлсэн. Социализмын үед айлд сууна гэдэг хэцүү, мөн хувцас, байрны зардал хэмнэлттэй учраас аав, ээж ч дуртай зөвшөөрсөн. Тэр үед аав,ээжийнхээ үгнээс зөрөх биш” гэв.

“АЛБАН ТУШААЛЫН ШАТ БОЛГОНООР АЛХАЖ ҮЗСЭН”

“Арын ажил бүрэн хаягддаг. Энэ болгонд гэргий маань миний цаг наргүй ажлыг ойлгож дэмжиж ирсэн”.Тэрээр цэргийн сургууль, онцгой байдлын салбартай холбогдсон тухайгаа хувь тавилан гэж ярих дуртай. Тиймээс энэ салбар дахь түүний хичээл зүтгэлд ямар ч болзол байхгүй. “Миний хийж чадах зүйлийг, энэ замаар явах зургийг бурхан зурж өгсөн” гэж хэлдэг.

Б.Ууганбаяр хурандаа Цэргийн нэгдсэн дээд сургуулийг 1991 онд төгссөн байна. Онц сурлагатан, цалинтай сонсогч байсан учраас өөрийнхөө хүсэлтээр сургуульдаа үлдэж дамжааны багшаар хэсэг ажиллажээ. Дараа нь Батлан хамгаалах яамны ар талын газар мэргэжилтэн, Булган аймгийн цэрэг иргэний штабт офицероор орсноос хойш эдүгээ 23 жил онцгой байдлын салбар, иргэний хамгаалалтын байгууллагатай салшгүй холбогдож иржээ. Тэрээр “Ажлын гараа эрдмийн их өргөө өнөөгийн Үндэсний батлан хамгаалах их сургуулиас эхэлсэн болоод ч тэр үү сургалт зохион байгуулах, мэдээлэл түгээх чиглэл рүү илүү ажиллаж ирлээ.

Булган аймагт гурван жил ажиллаад иргэний хамгаалалтын газрын дарга Сүндэв генерал намайг дэмжиж улсын иргэний хамгаалалтын газар ажиллах үүрэг өгснөөр 1999 оноос төв байгууллагад ажиллаж байна. Тухайн үед аймгийн Засаг дарга намайг дэмжиж бараг хүчээр явуулсан. Эрдэм шинжилгээ судалгаа хариуцсан мэргэжилтнээс эхлэн онцгой байдлын байгууллагын шат шатны албан тушаалыг эрхэлсэн. Мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын орлогч, дарга, дэд дарга гээд шат болгоноор алхаж үзсэн.

Миний судсаар гамшгаас хамгаалах үйл ажиллагааны цус урсдаг болов уу гэж боддог. Гамшигтай тэмцэхээс өөр юм бодож, сэтгэж чадахгүй. Бүхий л амьдралаа зориулсан учраас албандаа хайртай. Хар бага наснаасаа чин үнэнч, шударгаар зүрх сэтгэлээ зориулж зүтгэсэн учраас албандаа нэг л харам байдаг. Албаны амбицитай, бусад хүмүүсээс өмөөрнө, хамгаална. Цаашид ч энэ чигээрээ зүтгэсээр байгаад миний амьдралын тодорхой хугацаа дуусч, гавьяаны амралтдаа гарах байх. Ийм л ёсзүй, хүсэл мөрөөдөлтэй хүсч зорьсон амьдрал маань энэ. Миний чадах, бурханы заяасан зүйл  энэ л байх гэж боддог” гэв.

Тиймдээ ч хурандаа Б.Ууганбаяр албаараа бахархаж омогшиж явдаг нэгэн юм. Бурхан хүн төрөлхтөнд ямар нэг байдлаар гараа сунгасан бол тэр нь онцгой байдлын байгууллагаар дамждаг гэж албаа цөөн үгээр тодорхойлсон юм. Яриагаа үргэлжлүүлэн “Шашин талаасаа гурван буяны дөрөв дэхь нь аюулгүй байдлыг хангах юм гэнэ лээ. Цас, шуурга, халуун хүйтэн ямар ч үед эргэж буцаж, хувирахгүйгээр хүний төлөө л ажилладаг.

Дайрч доромжилсон ч аврагчид л зогсч байдаг шүү дээ. Онцгой байдлын салбар бол залуу насных. Шинжлэх ухаан талаасаа хүн өдөрт найман цаг ажиллаж, хоёр өдөр амрах хэмнэл байдаг бол онцгой байдлын албанд байдаггүй. Гавьяаны амралтад гарахдаа янз бүрийн өвчтэй, зовлонтой болсон байдаг. Олон хоног өдөр шөнөгүй, таарсан болгоноо идэж уугаад түймэр, үер усны аюулын өөдөөс явдаг. 10 хоног халиар, жууцай идээд явахад сүүлдээ биеэс нь ногоо үнэртдэг. Эх орон, хүн ардын төлөө ингэж л өөрийгөө зориулдаг. Тиймээс алба хаагчдаараа бахархдаг. Зүйрлэж хэлбэл хүн төрөлхтөнд илгээсэн бурханы гар л байх гэж боддог. Тийм л үүргийг бидэнд оноосон” хэмээсэн юм.

Түүнээс  20 гаруй жилийн дараа эргээд харахад салбартаа оруулсан хувь нэмрээ юу гэж бодож дүгнэдэг  вэ гэхэд “Би их азтай. Тийм, ийм зүйл хийсэн гэж  дөвийлгөж ярих дургүй. Гэхдээ гамшгаас хамгаалах төрийн бодлого, чадавхийг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр гэсэн хоёр том баримт бичгийг боловсруулж, УИХ-аар батлуулах хувь тавилан. Дараа нь бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Засгийн газраар батлуулах хүндтэй үүрэг надад оногдсон. Энэ бүхний үр дүнд гамшгаас хамгаалах менежментийг хэрэгжүүлэх орчин үеийн тогтолцоо бүтцийг бий болгох суурийг нь тавилцсан гэж ойлгодог.

Онцгой байдлын алба Монголын аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой учраас язгуур утгаар нь ухаж ойлгохыг боддог.

Гурван байгууллага нэгдэхэд залуу насандаа Гамшгаас хамгаалах хуулийн ажлын хэсэгт ажиллаж, Улсын нөөцийн тухай хуулийг батлуулах гээд олон эрхэм хүнтэй гар сэтгэл нийлж сайхан ажилласан. 2007 онд Монголд анх удаа НҮБ-ын Хот дотор эрэн хайх авран туслах зөвлөлдөх бүлэгт хамтарч олон улсын дасгал сургуулилтыг зохион байгуулсан, дараа нь Сэлэнгэд хоёр жил ажиллачихаад ирэхэд хоёр дахь удаагаа  зохион байгуулж таарсан. Энэ их сонин давхцал шүү. 21 аймагт гамшгаас иж бүрэн команд штабын сургуулилтыг хийлээ. “Говийн чоно” арга хэмжээг зургаан удаа амжилттай гардан зохион байгуулсан гээд эргээд харахад хоосонгүй л ажилласан гэж боддог. Онцгой байдлын алба Монголын аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой учраас язгуур утгаар нь ухаж ойлгохыг боддог. Тэр утгаараа бидний ажил бол тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүн амын аюулгүй байдлын төлөө оруулж буй хувь нэмэр юм” гэсэн юм.

“60 ХОНОГИЙН АРАВТ НЬ Л ГЭРТЭЭ ХОНОСОН БАЙНА ЛЭЭ”

2017 он. Олон улсын “Говийн чоно” дадлага сургуулилтыг зохион байгуулах үеэр.

Бидний яриа гол­дуу түүний ажилтай хол­бог­дож таарав. Гэсэн ч түр азнаад албандаа нэр төртэй, үүрэг хариуц­лагатай зүтгэж яваа хуран­даагийн “арын албыг” найд­вартай дааж, ойлгодог гэр бүлийнх нь тухай яриа дэлгэсэн юм. Гэргий нь телевизийн найруулагч, сэтгэл судлалын мэргэжилтэй гэнэ. Мөн гурван хүүгийн том нь аавынхаа мэргэжлийг өвлөжээ. Гэр бүлийнхээ тухай ярихдаа “Зөвхөн өнгөрсөн жилийн сүүлийн хоёр улирлын тооцоог хийж үзэхэд есдүгээр сарын 2-нд гэрээсээ гараад арваннэгдүгээр сарын дунд хүртэл гэртээ 10 хоносон байна лээ. Арын ажил бүрэн хаягддаг. Энэ болгонд гэргий маань миний цаг наргүй ажлыг ойлгож дэмжиж ирсэн.

Харин өнгөрсөн намар нэг удаа шүүмжлэлтэй хандсан. “Вакум цонх цуурсан. Өвөл болж байна Ууганбаяр аа” гэсэн асуудлыг  тавьсан. Уг нь арай өөр өнгөөр дууддаг юм. Асуудал хурцадсан үед нэрээр дууддаг. Тэр үед ажил шахуу байсан учраас хагархай цонхтой өвөлжсөн. Энэ бол миний ажлыг ойлгодогийн тод жишээ байх. Манай хүн их дөлгөөн, хүлээцтэй. Сэтгэл судлалын талын хүн учраас миний түргэн занг зөөллөж, засч залруулж, нөхдөг юм болов уу. Миний зан байдлыг ч их өөрчилсөн. Том хүү хэдийгээр миний мэргэжлийг өвлөж онцгой байдлын албанд ажиллаж байгаа ч нэг их юм хэлж ярих нь ховор.Ажлаа сайн хий. Амьдралаа тэмцэж ол гэж хэлдэг. Ганц хүүхдэдээ ч биш онцгой байдлын албанд ажиллаж байгаа залууст туршлагаасаа бага ч болов хэлж ярихыг хичээдэг” гэлээ.

“ИРГЭД ӨӨРИЙНХӨӨ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, АМЬ НАСНЫ ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ”

23 жил онцгой байдлын салбар, иргэний хамгаалалтын байгууллагатай салшгүй холбогдож иржээ.

Б.Ууганбаяр хурандаа Иргэний хамгаалалтын байгууллагаас хойш өнөөг хүртэл Онцгой байдлын албаны  долоон даргатай хамтарч ажиллажээ. Зарчим зөрөх үе байсан уу гэхэд “Хүн бүр өөрийн гэсэн удирдлагын арга барилтай. Хуулиас гажууд үүрэг даалгавар өгч байсан хүнийг санахгүй юм. Харин ч их зүйл сурч, туршлага хуримтлуулсан” гэв. Дээр дурьдсанчлан Монгол Улсын 21 аймгийг 2-3 удаа тойрсон түүнийг иргэдтэй ойр ажилладаг гэж хэлж болно. Түүнтэй өргөн хүрээнд ярилцаж болох ч гамшгаас хамгаалах бэлэн байдалд иргэдийн мэдлэг, мэдээлэл нэг үеэ бодоход дээшилж байна уу гэхэд “Илэн далангүй яримаар юм бий. Гэхдээ мөрдэс зүүсэн цэргийн хүн учраас хязгаартай.

Иргэн хүн өөрийнхөө аюулгүй байдал, амь насны төлөө амьдарч байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй. Иргэдийн аюулгүй байдлын төлөө онцгой байдлын байгууллага бүхий л нөөц боломжоороо заавар зөвлөмж өгч ажилладаг. Нэг жишээ хэлэхэд, цасан шуургатай зам аюултай гэхээр өлгийтэй хүүхдээ аваад явчихдаг. Иргэд үүнийг л ухамсарлахгүй байна.

Торго, шийтгэ гэхээс илүү өөрийнхөө төлөө амьдрахыг хариуцлага гэж хэлнэ. Иргэний оролцоо гэдэг зүйл алга. Иргэдийн оролцоогүйгээр гамшгаас хамгаалах менежмент яриад нэмэргүй. Тэгэхэд Казакстан улсад цас орно шүү гэхэд бүх машин тэр дороо зогсоод цаг агаарын үзэгдлийг өнгөртөл нь хүлээдэг. Монголчууд яагаад ийм дэг журамтай, өөрсдийнхөө төлөө үнэ цэнэтэй байж болдоггүй юм бэ.  Ганц онцгой байдлын байгууллага ч биш нийгмийнхээ системийн том хямралыг засахгүйгээр цааш явахгүй. Эх орон, газар шороо тусгаар тогтнол иргэн бүрийн зүрхэнд байх ёстой” гэлээ.

Өгөх авах хоёр тэнцэж байх ёстой. 

Харин эрхэм хурандаа онцгой байдлын салбарын өнөөгийн түвшин, ирээдүйн хөгжилд сэтгэл хангалуун байдаг гэнэ. “Өнөөгийн онцгой байдлын байгууллагын тогтолцоо, бүтэц зохион байгуулалт, эрхзүйн орчин дэлхийн аль ч улс орноос дутахгүй. Ийм шинэчлэлийг хийж чадсан. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэл болон практикийн нэгдэл дээр зохион байгуулж байна. Ирэх зун Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулна гэдэг бидэнд итгэж байгаагийн шинж. Гамшгаас хамгаалах менежментийг амжилттай хэрэгжүүлэхэд нэг л бэрхшээл бий. Иргэний оролцоог орвонгоор нь өөрчлөх хэрэгтэй. Өгөх авах хоёр тэнцэж байх ёстой. Сүүлийн үед энэ чиглэлийн фило­софийн ном их уншиж байна. Онцгой байдлын байгууллага үйлчилгээ үзүүлж байна. Тэр үйлчил­гээг хүлээж авч байгаа хүн хариу үзүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, бидний хэлж ярьж байгаа заавар зөвлөмжийг буцаагаад хэлээд өгөөч гэж байгаа юм. Энэ нөхцөлд менеж­ментийн бодит үр дүн гарч эхэлнэ. Үйлчилгээ үзүүлж хүлээж авч байгаа хоёулаа үгүйлэгдэж байна” хэмээсэн юм.

Хурандаа хэдхэн хоногийн өмнө хөдөөгүүр шуурхай бүлэгт ажиллаад ирсэн юм. Шүлхийн нөхцөл байдал, хэрхэн тэмцэх талаар асуухад “Сүүлийн 4-5 жилд малын гоц халдварт өвчний нөхцөл байдал хүндхэн байна. Шүлхийтэй тэмцэхэд хүндрэлтэй. Зардал ч их гарч байна. Газар дээр нь ажиллахдаа нэг зүйлд харамссан. Жирийн малчин сумынхаа нутаг дэвсгэрээс гарч отор нүүдэл хийхдээ баг, сумын даргатай яагаад ярьж болдоггүй юм бол. Энэ жижигхэн хариуцлагыг төлөвшүүлэхгүй бол хэчнээн вакцин хийгээд нэмэргүй.

Асуудлыг цогцоор нь авч үзээд шинжлэх ухааны үн­дэс­лэл­тэй олон талын мэр­гэжлийн байгуул­лага­тай хамтарч дүн шинжилгээ хийж байж хариу арга хэмжээ авч стра­теги төлөвлөгөө гар­­гах шаардлагатай. Сис­­темээр нь тэмцэж, цэгц­лэх хэрэгтэй. Зааг ялгааг гаргаж, дэг журмыг тог­тоох ёстой. Орон нутагт ажиллаж буй төрийн алба хаагчдын чадвар муу байна. Зөвхөн шүлхий биш бүхий л салбарт шаар үлээгээд эцэстээ тулаад хагарахад бэлэн болж. Бүх салбарт нэг зарчим тогтоогоод түүнийхээ төлөө өдөр шөнөгүй ажил­лахаас өөр гарц алга. Хүн бүр оролцох хэрэгтэй” гэсэн юм.

Ийнхүү эрхэм хуран­даа­тай их ажлын дундуур нь уулзаж хөөрөлдлөө. Эх орон, тусгаар тогтнолоо зүрхэндээ тээж яваа бүх эрчүүддээ Монгол цэргийн баярын мэнд хүргэе.

С.Уянга