Гадаад харилцааны сайд Катарын элчин сайдыг хүлээн авч уулзав
2018.03.05

Гадаад харилцааны сайд Катарын элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Катар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Султан Аль-Мансури-г хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Элчин сайд Султан Аль-Мансури Катар Улсын Гадаад хэргийн сайд Мохамед Бин Абдулрахман Аль-Тани-гаас сайд Д.Цогтбаатарт Цагаан сарын баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлснийг уламжилж, хоёр талын харилцаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

Мөн Элчин сайд 2018 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, энэ хүрээнд хамтын ажиллагааг илүү их урагшлуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. 

Сайд Д.Цогтбаатар Катар Улсын Гадаад хэргийн сайд Мохамед Бин Абдулрахман Аль-Тани-д хариу мэндчилгээ дэвшүүлж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, ялангуяа эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Катараас Монголд хөрөнгө оруулалт хийхэд аль аль талаас дэмжиж ажиллахын чухлыг тэмдэглэв. Мөн Элчин сайд Султан Аль-Мансури-д хоёр талын харилцааг хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

Монгол, Катарын хооронд 1998 оны 1 дүгээр сарын 23-нд дипломат харилцаа тогтоосон. 2017 оны эхний 9 сарын байдлаар хоёр талын худалдааны эргэлт 470 шахам мянган ам.доллар байгаагаас манай тал 200 шахам мянган ам.долларын экспорт хийжээ. Катарын Засгийн газраас 2006 онд манай улсын Мянганы зам төсөлд зориулж 10 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон бөгөөд тусламжийн мөнгөөр Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлд 65 км хатуу хучилттай замыг барьжээ.