Виржина Калмельс: Монголын ардчилсан намд өрнөсөн шинэчлэл Ази, Европт төдийгүй дэлхийд үнэлэгдэхүйц жишиг болсон
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Олон улсын Ардчилсан холбооны хуралд оролцсоныхоо дараа Европын баруун төвийн үзэл баримтлал бүхий зарим намын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсад өрнөж буй ардчиллын үйл явц, тэр дундаа сүүлийн жил гаруй хугацаанд Ардчилсан намд өрнөж буй шинэчлэлийн талаар санал бодлоо солилцсон юм.
Энэ талаар Францын Бүгд найрамдах намын дэд дарга, мөн Бордокс хотын дэд дарга, тус хотын зөвлөлийн гишүүн хатагтай Виржина Калмельс хэлэхдээ “Бид Монголын Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болоод Ардчилсан намын бусад төлөөлөгчтэй олон улс дахь ардчиллын төлөө намуудад тохиолдож буй шинэчлэлийн нийтлэг бэрхшээл хийгээд Монгол дахь улс төрийн намын шинэчлэлийн сэдвээр сонирхолтой яриа өрнүүллээ.
Бидэнд ч мөн адил тулгамдсан олон асуудал бий. Сүүлийн үед Францын улс төрийн орчинд орж буй өөрчлөлт, цагаачлалын асуудлаас үүдсэн нийгмийн сэтгэл зүй, намуудад хандах иргэдийн үнэлэмж өөрчлөгдөж буй нь бидний санааг зовоож байгаа. Тиймээс бид 2016 оны Францын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа дараа дараахь зорилтуудыг дэвшүүлсэн. Залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоо нь намын шинэчлэлийн суурь үзүүлэлт бөгөөд хүйсийн тэгш байдал нь намын тогтвортой шинэчлэлийн амин сүнс учраас бид энэ талбарт голлон анхаарч ирлээ.
Бид Монголын АН-ын шинэчлэлийн үйл явцыг анхааралтай ажиглаж байна. Тухайлбал, Монголын Ардчилсан нам Ази, Европ төдийгүй дэлхийн түвшинд үнэлэгдэхүйц маш том шийдвэрийг гаргаж, түүнийгээ богино хугацаанд хэрэгжүүлж чадлаа. Намын удирдлагаа нээлттэй сонгуулиар анхан шатнаас сонгоно гэдэг бол том шалгуур.
Мөн бүх гишүүдээ бүртгэлжүүлж шат шатны намын удирдлагуудыг анхан шатнаас сонгосон нь үнэхээр тэмдэглүүштэй үзэгдэл. Бас намын дэргэдэх байгууллагууд ч энэхүү өөрчлөлт шинэчлэлд манлайлж байгааг бид талархан хүлээн авч байна. Бидэнд ч бас та бүхнээс суралцах зүйл их байна” гэлээ.
АН-ын дарга С.Эрдэнэ Монгол оронд өрнөсөн Ардчилсан Хувьсгалын 30 жилийн ойг 2019 онд тэмдэглэх тухайгаа дурьдаад Францын БНН-ын удирдлагуудыг Монгол Улсад айлчлахыг урьсан бөгөөд хоёр тал найрсаг хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж туршлага солилцох сургалтууд хийхээр боллоо.