Д.Сумъяабазар: Бид тусгай ЗӨВШӨӨРӨЛ олгодог ЦУЦЛАХ эрх байхгүй
2018.02.13

Д.Сумъяабазар: Бид тусгай ЗӨВШӨӨРӨЛ олгодог ЦУЦЛАХ эрх байхгүй

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” сэдэвт хэвлэлийн бага хурал өчигдөр болж, салбарын сайд Д.Сумъяабазар тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцлоо. УУХҮ-ийн сайдын мэдээлснээр өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр

47.1сая тонн нүүрс, 1.3 сая тонн зэсийн баяжмал, 19.8 тонн алт, 6.5 сая тонн молибден, 7.7 сая тонн төмрийн хүдэр, 82.7 мянган тонн цайрын баяжмал, 14.6 мянган тонн катодын зэс болон бусад эрдэс баялгийг олборлож, экспортод гаргасан байна. Үүний үр дүнд аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 12.9 их наяд төгрөгт хүрсний дотор уул уурхайн олборлолт 9.0 их наядаас давжээ. Нүүрсний олборлолт салбартаа тэргүүлж, 1.1 их наяд төгрөгөөр өссөн дүн гарчээ. Энэ онд 8.1 сая тонн баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож, 223 тэрбум гаруй төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд хоёрдугаар сарын эхний байдлаар 83.6 мянган тонныг олборлоод байна.

Оны эхний нэг сард улсын төсөвт 19.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, уул уурхайн салбарын хувьд 86.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Энэ сарын 5-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний буюу 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгааг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээллээ.

Дээрх мэдээллийн дараа салбарын сайд болон УУХҮЯ-ны Түлшний газрын дарга Ч.Чулуунбат, АМГТГ-ын орлогч дарга Л.Раднаасүрэн нар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Шатахууны онцгой албан татварыг тэглэсээр байхад нефтийн бүтээгдэхүүн импортлогчид өргөн хэрэглээний буюу А80, АИ92 бензины үнийг 100-130 төгрөгөөр нэмчихлээ. Үүнд танай яам ямар суурьтай байна вэ?

Л.Раднаасүрэн: -Энэ оны нэгдүгээр сарын 24-нд гаргасан Засгийн газрын тогтоолын дагуу А80, АИ92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн нь компаниудад хуримтлагдсан алдагдлын 60 орчим хувийг хаасан.

Хоёрдугаар сард хилийн үнэ ирэхэд дэлхийн зах зээлд нефтийн үнэ нэмэгдсэнтэй холбогдон литр тутамдаа 60 төгрөгөөр өссөн байлаа. Өмнөх алдагдалтайгаа нийлээд 200 төгрөгөөр нэмэгдэх төлөвтэй болсноор импортлогч компаниуд эхний удаад 20-30 төгрөгөөр үнийг нэмэхээ бидэнд мэдэгдсэн.

Зарим төрлийн шатахууны онцгой албан татварыг тэглэснээр төсөвт 60 тэрбум төгрөгийн дутагдал гарна. Тиймээс дэлхийн зах зээлийн үнэ өсөхөд ханшаа нэмэгдүүлж, буурахад нь хямдруулдаг тогтол-цоонд л шилжих хэрэгтэй байгаа юм.

Ч.Чулуунбат: -Өнгөрсөн оны долоодугаар сараас хойш газрын тосны үнэ ханш байнга өсч байсан ч хоёрдугаар сарын эхнээс аажмаар буурч байгаа. Ам.долларын ханш төгрөгийн эсрэг сулрах хандлагатай болсныг харахад энэ оны 3-4 дүгээр сараас шатахууны унэ буурах төлөвтэй байна.

-ОХУ-ын “Роснефть” компанийнхан Монголд ирж ажилласан. Ямар асуудлаар ярилцсан бол. Энэ нь шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотой юу?

Д.Сумъяабазар: -Жил бүрийн эхэнд “Роснефть”-ийнхэн манайд ирж АМГТГ болон импортлогч компаниудтай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, тухайн жилийн үнэ ханшийн талаар ярилцаж, тохирдог. Уулзалт ярилцлагууд энэ л хүрээнд болсон.

Эерэг нааштай өөрчлөлтүүд гарахаар байгаа. Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан энэ сарын 26-28-ны өдрүүдэд Москва хотноо болох юм. Түүний дараа асуудал бүр тодорхой болно.

-“Монгол газар” компани татвар төлөхгүй мөртлөө олборлолт хийсээр байгаа мэдээлэл бий. Энэ талаар яамнаас ямар арга хэмжээ авах вэ?

-Д.Сумъяабазар: Зарим компани уул уурхайн олборлолтын талбайгаа түрээслэх ч юм уу аж ахуйн нэгжээ дампууруулсан хэрнээ тусгай зөвшөөрөл агиглах явдал байна.  Тиймээс орлогоо нун дарагдуулсан, татвараас зайлсхийсэн компанийн эзэдтэй хатуу тэмцэхийн тулд Эрүүгийн тухай хуулийн зүйл заалттай “уях” хэрэгтэй байгаа юм.

Ер нь УУХҮЯ-наас лиценз олгодоггүй, тусгай зөвшөөрөл л өгдгийг зориуд хэлмээр байна. Харин түүнийгээ цуцлах эрх бидэнд байдаггүй. Энэ эрх мэргэжлийн хяналтын байгууллагад төвлөрдөг юм. Түүний өмнөх шат буюу байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн, нөхөн сэргээлт хийгээгүй, уулын ажлын төлөвлөгөөг биелүүлээгүй юмуу зөрчсөн талаарх дүгнэлтийг БОАЖЯ-ны холбогдох алба, хэлтэс гаргадаг. Бид тусгай зөвшөөрөл олгохоос өөр уул уурхайн компаниудтай хариуцлага тооцох, эрхийг нь цуцлах эрх мэдэлгүй.

Үндсэндээ “шүдгүй арслан” шиг л байна.

Энэ хийдлийг компаниуд овжин ашиглаж, орон нутаг, төсөвт татвараа төлөхгүй, нөхөн сэргээлт хийж байгаль орчныг сэргээхгүй завшиж байгаа явдап маш их. Тиймээс уул уурхайд тавих мэргэжлийн хяналтыг манай яаманд өгөөч гэж олон удаа хэлж, санал тавьсан.

-“Оюутолгой” компанийн 66 хувийг эзэмшдэг гаднынхан ногдол ашиг авч байна. Монголын талын 34 хувийн ашиг гэж байдаггүй юм уу?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бид ажлын хэсэг байгуулж, “Оюутолгой” компанийн Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах талаар харилцан ярилцаж, бодлогын төвшинд ойлголцсон. Дараагийн шатны ажлууд явж байгаа гэж ойлгосон.

-Тавантолгойн ордоос олборлосон нүүрсийг урагшаа гаргахад хүндрэлтэй асуудал цөөнгүй тулгардаг. Үүнийг багасгахын тулд салбарын яам юу хийж байна вэ?

-Тавантолгойн асуудлаар Хятадын талын холбогдох албаныхантай өнгөрсөн долоо хоногт уулзаж ярилцлаа. Цаашдаа Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд эрчимтэй оруулах, олон улсын зах зээлд IРО гаргах санал гарч, хувилбаруудыг ч ярьж байгаа.

Энэ хугацаанд борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцээ сайжруулах, хүчитгэсэн автозам тавих, төмөр зам барих ажлын талаар ярилцсан. Манай талаас шалтгаалах зүйл их байна.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэн бүрт эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцааг хэзээ “амь оруулах” вэ. Ойрын үед энэ талаар юу хийх бол?

-Үүнийг “амилуулах”- аар Хонконгийн хөрөнгийн биржийнхэнтэй санал солилцоод ирсэн. Дотоодын бирж дээр ч хувьцааг арилжаалахад анхаарч байна. Энэ оны эхний хагаст бэлтгэлийг хангаж, III улиралд багтаан хөрөнгийн зах зээлд гаргах зорилт дэвшүүлсэн. Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжаалах концепц, төлөвлөгөөг танилцуулна.

Ерөнхийдөө “Эрдэнэс Монгол" нэгдэл нь Баялгийн санг бүрдүүлэх үндэс суурь болох юм. Тус сангийн чиглэлээр Норвеги улсын Төв банк, Сангийн яамны удирдлагуудтай уулзаж, Казахстаны Үндэсний сангийн туршлагаас суралцсан.

Үүний үндсэнд бид Баялгийн сангийн ерөнхий схемийг хийчихсэн.

Энэ схемээ УИХ, Засгийн газарт танилцуулж, цаашдаа тууштай ажиллах болно.

-Олон нийтийг бухимдуулж байгаа өнөөгийн гол асуудал нь шатахууны үнэ ханшийг өсгөөд байгаа явдал юм. Үүнийг салбарын яам нь хянаж зохицуулж чадахгүй, импортлогч компаниудад дарлуулж байхад хэн энэ байдлыг засч залруулах вэ?

-Манай улс шиг стратегийн гол салбаруудаа хувьд шилжүүлчихсэн ийм орон дэлхийд байхгүй. Хятад, Орос гэхэд энэ салбарыг 100 хувь төр, төрийн өмчит компани барьж байна. Гэтэл манайх бүгдийг хувьчилснаар төрөөс зохицуулалт хийх, ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах боломжоо алдчихаад байгаа юм. Тиймээс бид “Эрдэнэс Монгол” нэгдлийн хүрээнд “Эрдэнэс Монгол-Газрын тос” компанийг байгуулж, нефтийн бүтээгдэхүүний бодлогоо барих ёстой гэж бодож байна. Үүнд болохгүй юм байхгүй.

Сэтгүүлч Д.Мөнхжаргал