Б.Дэлгэрсайхан: Монголын баялгаас баяжиж байгаа 30 гэр бүл гэж хэнийг хэлээд байна вэ?
/2018.02.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан "Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" УИХ-ын 2017 оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонссон юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Хайгуулын зөвшөөрлийг хэзээ олгох гэж байгаа талаар болон Түгээмэл ашигт малтмалыг яаж шийдэх гэж байгаа талаар тодруулсан юм.
Шинэ журмаар хайгуулын зөвшөөрлөө яаж олгох вэ? Сонгон шалгаруулалт дүрэм журмаа хэзээ гаргах вэ? Лицензийг хэн өндөр үнэ хэлж байгаад нь дуудлага худалдаагаар өгвөл яасан юм бэ? Мөнгөө төлөөд лиценз авчихсан хүн, мөнгөө төлөөд хайгуул хийнэ ш дээ. Татвар өндөр тогтоосон юм чинь зарж чадахгүй ш дээ. Олон зуун лиценз хайгуул хийгдэхгүй мөртлөө, зарагдах гээд хүлээгдээд л байж байна.
Олон улсын хөрөнгийн бирж дээр залуучууд хувьцаа аваад зараад байгаа. Үүн дээр татвар авах уу? Түгээмэл ашигт малтмалыг яаж шийдэх вэ?
Монголын баялгаас баяжиж байгаа 30 гэр бүл гэж хэнийг хэлээд байна вэ?
Нэр устай нь хэлээч ээ. Бие биенийгээ тоо тавьчхаад гүтгэж, хардаж сэрдээд байна. Хэн нь 30 гэр бүлд багтаад энд сууж байна. Хэн нь 30 гэр бүлээс тусдаа байна гэдгийг тодорхой болгоё.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав
Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо манай яам дүрэм, журам боловсруулаад хууль зүйн яаманд бүртгүүлэхээр хүргүүлээд байна. Хууль зүйн яам бүртгэж авснаар хайгуулын сонгон шалгаруулалт эхэлнэ. Ашигт малтмалын тухай хуулийн 33-р зүйлд хайгуулын тусгай зөвшөөрөл авсан иргэний эрх, үүргийг тусгайлан заасан байгаа. Үүргээ биелүүлэхгүй бол тусгай зөвшөөрөл хураагддаг эрхзүйн зохицуулалттай.
Ашигт малтмал газрын тосны орлогч дарга Б.Энхжаргал
Хайгуул эзэмшигч нь манайд 4 төрлийн төлбөр төлдөг. Лиценз эзэмшигчийн төлбөр, зарцуулсан ажлынхаа га тутамд төлбөр төлдөг. Ашиглалтын болон тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаандаа төлбөр төлж байгаа. Лиценз эзэмшигчийн үйл ажиллагаа хуульчлаад заагдсан байгаа учраас наймааны зорилгоор явагдаж байгаа нь бага гэж үзэж байгаа.