МАН, АН-ын ИРЭЭДҮЙ
ХЭН НЬ ХЭН БЭ?
Хэвлэлийнхэн бид улс төр гэхээр УИХ, Засгийн газар, улс төрч гэхээр УИХ-ын хэдэн гишүүн, Засгийн газрын сайд нарыг онцолсоор 27 жилийг уджээ. Гэтэл Монголын хун алгын тал хувь нь амьдардаг, улсын эдийн засгийн дийлэнх хувь энд эргэлддэг гэдэг утгаараа ч НИТХ-д жинхэнэ улс төр “буцалж” байдаг билээ.
Энд л УИХ-ын багасгасан хувилбар ажиллаж, хотын иргэдэд, амьдралд ойр шийдвэрүүд гарч байдаг. Нөгөө талаараа энд их улс төрд орох ирээдүйн их улс төрчид, боловсон хүчнүүд бэлтгэгдэж байдаг юм.
Уламжлал ёсоор “Монголын мэдээ” сонин эрх барьж буй болон сөрөг хүчний улс төрчдийг харьцуулдаг бөгөөд энэ удаагийн дугаартаа НИТХ дахъ хоёр намын бүлгийн даргыг онцоллоо.
Магадгүй энэ залуусын өнгөрүүлсэн амьдрал, боловсрол, мэдлэг, мэргэшил, ажлын туршлага, үзүүлсэн амжилтыг харвал ирээдүйн Монголын төрийг толгойлох, түүхийг бичилцэх том улс төрчид болсон байхыг үгүйсгэхийн аргагүй.
Ид хийж бүтээх 30 гаруй, дөч шүргэм насандаа яваа хоёр өөр намын, хоёр өөр түүхтэй, өөр боловсрол мэдлэгтэй нэгэн үеийн төлөөлөл болсон залуухан булгийн дарга нарыг танилцуулж байна.
НИТХ ДАХ АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Ц.БААТАРХҮҮ
Тэрбээр улс төрд амжилттай яваа 1980-аад оны залуусын төлөөлөл, АН-ын өмнөө барих, өсч яваа улс төрч бол Цэндийн Баатархүү юм.
Энгийн, элгэмсэг яриа хөөрөөтэй нэгэн.
Эдүгээ НИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн даргаар ажиллаж байна.
Түүний хувьд энэ удаагийн иргэдийн хуралд анхлан сууж байгаа, шинэхэн төлөөлөгч биш бөгөөд өмнө нь АН-ыг хотын эрхийг барьж байх үед төлөөлөгчөөр сууж байсан туршлагатай. Олонхи болж эрх барьж байгаад, ард түмнээрээ дүнгээ тавиулан АН-аас есхөн хүн сонгогдоход торойж хоцорч чадсан цөөхөн төлөөлөгчдийн нэг гэдэг утгаараа тойргийнхоо иргэдэд хэр хүндлэгддэг, нэр хүндтэйг нь илтгэнэ.
Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн 12,16 дугаар хорооныхон түүнд хэрхэн итгэдэг нь хоёр дахь удаагаа сонгосноор нь харагдана. Өмнөх дөрвөн жилд түүнийг “багагүй ажил хийсэн” гэж тойргийнх нь иргэд үнэлдэг юм билээ.
Түүний хувьд МУИС-ийг Улс төр судлаач мэргэжлээр төгссөн. Ажил амьдралаа сургуулийнхаа оюутны байгууллагаас эхэлсэн бол хувь хүний хөгжил, менежмент, манлайллын боловсрол олгох зорилгоор “Монголын Лектор төв”-ийг үүсгэн байгуулсан гээд насандаа баймгүй хийж бүтээсэн зүйлтэй нэгэн.
Хувь хүний хөгжил, манлайлал болон менежмент, мэддэг боловсролыг олон нийтэд түгээх зорилгоор Монголын Лектор сургалт судалгааны төвийг байгуулан ажиллаж, 10 мянга орчим хүнд төрөл бүрийн сургалтыг зохион байгуулж байсан.
Залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх “Залуу Манлайлал” хөтөлбөр, хүүхэд залуучуудад Экологийн боловсрол олгох “Хөх цэрэг” тойрон аялал, залуучуудын шүүмжит сэтгэхүйг хөгжүүлэх “Оюуны олимп” цуврал тэмцээнийг санаачлан зохион байгуулсан. “Ажил хэргийн гурвалжин”, “Зөв ярих ухаан” ном хэвлүүлсэн нь шилдэг бүтээлээр шалгарч байлаа. Мөн Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, сургалт судалгааны “ЭмЭлСи Трэйнинг” компанийг байгуулан ажиллаж байсан.
Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга, Ардчилсан Залуучуудын Холбооны дэд ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан туршлагатай. 2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдохдоо нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил хариуцсан орлогчоор ажиллаж, мөн “Ухаалаг Улаанбаатар хөгжлийн хороо”-г байгуулан ажиллаж нийслэлээс иргэдэд үзүүлдэг 530 гаруй үйлчилгээг цахим болгох төслийн судалгааг зохион байгуулсан,
“Улаанбаатар нэгтгэл” ОНӨҮГ-ын УЗ-ийн даргаар байсан гээд тоочоод байх юм бол чамлахааргүй намтартай залуу. Нам нь эрх барьж байх үед хариуцдагатай алба хашиж байсан түүний хувьд, одоо цөөнх болсон үед сөрөг хүчний бүлгийг толгойлон ажиллаж байна.
Энэ утгаараа ажил, улс төрийн хувьд туршлага сууж байгаа нэгэн. Харин гэр бүлийн хувьд тэрбээр 10 хүүхэдтэй өнөр өтгөн айлын бага хүү бол эдугээ эхнэр, гурван хүүхдийн хамт ам бүл тавуул амьдардаг аж.
НИТХ ДАХ МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА С.МӨНХЧУЛУУН
Харахад өндөр нуруулаг биетэй, харьцахад өргөн мэддэгтэй энэ залууг Самданнямын Мөнхчулуун гэдэг.
Намуухан, зөөлөн, цэгцтэй ярих аж.
Өөрийн хэлж буйдаа итгэлтэй байх нь магадгүй энэ даруухан зангийнх нь цаана зоримог, өөртөө итгэлтэй, шулуун шударга зан бий болов уу хэмээн таамаглав. Цэргийн гэр бүлд төрсөн болохоор дэг журам, зарчим мах цусанд нь шингэсэн нь ийнхүү илэрч байж мэдэх юм.
Өнөөгийн НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга эл эрхмийн намтрыг уншихад намын боддогоор бэлтгэгдэж буй боловсон хүчнүүдийн нэг юм байна гэдэг нь төвөггүй ойлгогдоно.
Тэрбээр дөрвөн хүүхэдтэй айлын хоёр дахь хүүхэд, айлын том хүү гэнэ. Харин эдүгээ эхнэр, хоёр охины хамт амьдардаг.
Баруунд боловсрол эзэмшсэн, Англи, Герман хэлтэй. Инженерийн мэргэжилтэй, Төрийн удирддагын магистр бөгөөд одоогоор докторантурт суралцаж байгаа аж.
Намтрыг уншихад орчин үеийн олон залуусын адил өндөр боловсрол эзэмшсэн нэгэн аж.
Гэхдээ мэдээж энэ сайхан боловсролын цаана ёс суртахуун,хүнлэг чанар байж л сайн улстөрч болох нь дамжиггүй.
Харин хэр ёс суртахуунтай, төлөвшсөн хүн бэ гэдгийг та бидэнд гагцхүү цаг хугацаа л харуулах боломжтой.
Түүний хувьд ажлын гараагаа Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтнээс эхэлсэн бол нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн концессын хэлтсийн дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг ажил алба хашиж төрийн албанд 10-аад жил зүтгэжээ.
Ажил, мэргэжлийн хувьд алхам тутамд дэвшсэн, амжилт гаргасан, харьцангуй нэр цэвэр, залуу улстөрч.
Элдэв бусын мөнгө, төгрөгийн асуудалд нэр холбогдоогүй, харьцангуй цэвэр нэр хүндтэй нь түүний давуу тал юм.
Ирээдүйд МАН-ын томоохон лидер болчихоод зогсож байхад гайхах зүйлгүй. Учир нь анх удаагаа НИТХ-д сонгогдсон хэдий ч намын нөхдийнхөө итгэлийг хүлээж, НИТХ-ын Тэргүүлэгч, НИТХ-ын Хуульзүй, төрийн байгуулалтын хорооны дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга зэрэг албыг давхар хашиж байгаагаас харагдана.
Мөн нийслэлийн МАН-ын дэд даргын сонгуульт ажил хийж байгаа билээ. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14, 15, 31 дүгээр хорооноос сонгогдсон бөгөөд сонгуулиар амласан ажлуудаа шат дараалан хийж буй талаараа өгүүлж байсан юм.
Сонгогдсон тойрогтоо зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлд гэхэд 5.1 тэрбум төгрөгийн ажлыг улс, орон нутгийн төсвөөс хувиарлуулж амжсан байна.
Энэ мэт олон олон ажлуудыг амжуулж яваа ирээдүйтэй улс төрч, НИТХ дахь МАН-ын бүлгээ удирдаж байгаа аж.