Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав
2018.01.29

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгуулагдсан Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг ахалж,  15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан билээ.

Ажлын хэсгээс гаргасан удирдамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүд хууль, тогтоомжийн хэрэгжилтийн биелэлттэй танилцах хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хувиараа ажиллаж байгаа аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа, гэр хорооллын иргэдийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, санал сонсохоор тогтсон.

Дээрх удирдамжийн дагуу  (2018.01.27) УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албаны хүмүүс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав.

“Зохицол” төслийн үйл ажиллагаатай танилцав

Эхлээд Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрладаг “Эм Ай Эйч” группийн “Зохицол” төслийн үйл ажиллагаатай танилцав.

Уг төслийн зорилго нь гэр хорооллын хашаа байшинг инженерийн дэд бүтэц шийдэгдсэн эко-хаус болгон хөгжүүлж ашиглалтын зардал багатайгаар, тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байгаа аж.

Одоогийн байдлаар төслийн нэгдүгээр шат хэрэгжиж үр дүнг танилцуулж байгаа юм байна. 700 м2-аас доошгүй талбайтай газарт гурван хувилбараар таван айлын амины орон сууц, үүнээс хоёр нь үйлчилгээ эрхлэх боломжтой, дөрвөн автомашины гараж бүхий инженерийн дэд бүтцийг бүрэн шийдсэн бичил хотхоныг нийт 284 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан байна.

Эдгээр байшингууд нь дулаан алдагдал хамгийн бага тул энэхүү бичил хотхоны загварыг  Улаанбаатар хотод шинэ шийдэл бүхий гэр хороолол бий болгох, дахин төлөвлөлтөд ашиглах бүрэм боломжтой хэмээн “Эм Ай Эйч” группийн захирал Ж.Бат-Ирээдүй Ажлын хэсгийнхэнд танилцуулж байлаа.

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаатай танилцав

Төслийн талаарх танилцуулгыг төслийн зохицуулагч Д.Авирмэд хийсэн юм.

Тэрбээр “Уг төслийн хүрээнд Сэлбэ болон Баянхошуу дэд төвүүдийг нийслэлийн хойд бүсийн хүн амд үйлчлэх худалдаа, соёлын үйлчилгээний төвлөрөл бүхий байгаль орчинд ээлтэй ногоон орчинг бүрдүүлсэн дүүрэг, бүсийн чанартай төв болгохоор зорин ажиллаж байна” гээд Баянхошуу дэд төв нь 156 га талбайг хамарч байгаа бөгөөд төвлөрсөн дулааны шугамд холбосноор 14 812 айл өрх, 14 сургууль, цэцэрлэг, эмнэлэг дулааны шугамд холбогдож, түүхий нүүрсний хэрэглээ эрс буурч, агаарт хаягдах хорт бодисын хэмжээ жилд дунджаар 153,649 тонноор буурна гэлээ.

Мөн Баянхошуу дэд төв байгуулах суурь нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа ба газар чөлөөлөлтийн явц 70 хувьтай явагдаж байна хэмээн мэдээллээ.

“Утаагүй вагон” төсөл

Дараа нь Ажлын хэсгийн гишүүд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Зорчигчийн вагон депо дээр ажиллав.

Зорчигчийн вагон депогийн нутаг дэвсгэрт зорчигчийн вагоныг жижүүрт халуун зогсолтоор зогсож байх болон аялаллын үед түүхий нүүрс шатааж байгаа үйл ажиллагаанд дэвшилтэд технологийг нэвтрүүлж агаарын бохирдлыг бууруулах, зорчигч үйлчлүүлэгч, ажилчдын ая тухтай орчинг бүрдүүлэх, эрүүл ахуйн стандартад нийцүүлэхээр ажиллаж байгаа хэмээн Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженер Х.Зоригоо хэлэв. Тэрбээр, хатуу түлш ашиглаж байгаа зорчигчдын вагонд хийсэн судалгаагаа дэлгэрэнгүй танилцуулж, вагоныг утаагүй түлшээр тоноглох ажлын хүрээнд хийсэн ажлуудаа тайлагналаа.

Танилцуулгатай холбогдуулж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хэлсэн үгэндээ “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр санаачлагатай ажиллаж байгаа Зорчигчийн вагон депогийн хамт олонд баяр хүргэе. Ашигт малтмал, газрын тосны газрын дэргэдэх нүүрсний лаборатори, Геологийн төв лаборатори, хараат бус SJS лабораторийн шилжилгээнд үндэслэж утаагүй “бүтээгдэхүүний” үр дүнг эцэслэн шийдвэрлэдэг болохоор тогтсон. Цаашид бид түүхий нүүрсний хэрэглээг хориглоно. Иймд Улаанбаатар вагон депо ойрын ирээдүйд сайжруулсан түлш хэрэглэх учир энэ тал дээр судалгаа хийхийг зөвлөж байна” гэлээ.

“Монгол түлш” ХХК-ний үйл ажиллагаатай танилцав

Ажлын хэсгийн гишүүдийн очсон дараагийн газар бол Хан-Уул дүүрэгт байрлах “Монгол түлш” ХХК-ний загварын байр юм.

Уг компани нь газрын гүний дулааныг ашиглан барилга байгууламжийн халаалт, хөргөлт, хэрэглээний халуун усыг шийдэх жишиг төсөл хэрэгжүүлж Монгол Улсад нутагшуулах зорилготой юм байна.

Газрын гүний хөрс буюу 50-150 м орчимд байгаа жилийн туршид тогтмол байдаг нөхөн сэргээгдэх эрчим хүчийг дулааны насосны тусламжтайгаар барилга байшин халаах, хөргөх, хэрэглээний ус халаах зэрэгт ашиглах боломжтой аж. Тодорхой бүсэд газрын гүний насос байршуулснаар 50-80 жилийн хугацаанд төвлөрсөн шугам сүлжээ суурилсантай адил эрчим хүчний систем үүснэ гэж тус компанийн зөвлөх Б.Баттулга танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг

“УИХ-аас Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хэд хэдэн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж дулааныг янз бүрийн арга технологиор шийдэж байгаа шийдлүүдтэй танилцлаа. Одоо бид төрийн зүгээс зоригтой шийдэл гаргаж ажиллах хэрэгтэй байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газарт бодлогын хувьд дэмжлэг үзүүлж, тогтоолын хэрэгжилтийг хангуулахад анхаарч ажиллана” гэж хэллээ.