Монгол улс нэмж 4 улстай дипломат харилцаа тогтоолоо
2018.01.26

Монгол улс нэмж 4 улстай дипломат харилцаа тогтоолоо

УИХ-ын чуулганаар Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг танилцууллаа.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэслэн НҮБ-ын гишүүн, манай улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох тухай саналыг 2010 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан 45 улсад албан ёсоор тавьж эхэлжээ. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 37 улстай нь дипломат харилцаа тогтоогоод байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс 186 улстай дипломат харилцаатай бөгөөд үүнээс 184 нь НҮБ-ын гишүүн, 2 нь НҮБ-д ажиглагч статустай юм. Одоогоор Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зуржээ.

Энэ 4 улстай дипломат харилцаа тогтоосноор Монгол Улсын гадаад харилцааг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг урагшлуулах, хөгжлийн туршлага солилцох, хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалахад тус дөхөм болох аж. Түүнчлэн НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоосноор НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон улсын олон талт механизмийн хүрээнд нийтлэг ашиг сонирхолынхоо төлөө харилцан дэмжиж, хамтран ажиллах боломжууд нэмэгдэх талтай хэмээн үзсэн байна.

Иймд эдгээр улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ. Тогтоолын төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэн, санал нэгтэйгээр дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн юм.

Иймд санал хураалт явуулахад Бүгд Найрамдах Жибути Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.3 хувь нь, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг 74.5 хувь нь, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг 81.6 хувь нь, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг 83.2 хувь нь тус тус дэмжив