Ж.Сүхбаатар: Хотыг хөгжүүлэхгүйгээр Монгол Улс хөгжихгүй
2010.03.11

Ж.Сүхбаатар: Хотыг хөгжүүлэхгүйгээр Монгол Улс хөгжихгүй

1990-ээд оны нийгмийн байгууллын өөрчлөлтөөр Монгол Улс хотуудаа "үгүй" хийсэн ч гурван жилийн дараа Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан. Гэвч энэ хууль 17 жилийн турш хэрэгжээгүй гэхэд хилсдэхгүй. 50000 хүртэл хун амтай, тэдгээрийн дийлэнх нь үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг, дэд бүтэц хөгжсөн сууринг улсын зэрэглэлтэй хот гэнэ гэсэн заалт уг хуульд бий ч энэ бух нөхцөлийг хангасан, XX зууны бүтээн байгуулалтын ур дунд байгуулагдсан Эрдэнэт, Дархан хотууд аймгийн хавсарга төдий байсаар ирэв. Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлого хийгээд стратегийн  томоохон ордуудыг түшиглэсэн бүлэг суурин цаашдаа нэмэгдэх төлөвтэй. Ийм үед хотын статусын асуудлыг зайлшгүй ярих шаардлага үүсэж мэднэ.

Энэ удаа бид чухам энэ сэдвийг хөндөж байна. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын саналаар Дархан, Эрдэнэт, Ховд, Замын-Үүд, Чойбалсан, Сүхбаатарыг хотын статустай болгох тухай асуудлыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан юм байна. Түүнтэй ярилцлаа.

-Таны хувьд ийм санал гаргах үндэслэл юу байсан бэ?

-50000-аас дээш, шаардлагатай гэж үзвэл 50000 хүртэл оршин суугчтай суурингийн улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэж байгаа үүрэг, хотжилт, хот бүрдүулэгч дэд бүтцийн хөгжлийн түвшинг харгалзан улсын зэрэглэл тогтооно гэсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн заалт бий. Улсын зэрэглэлтэй хотыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтоодог. Харамсалтай нь 17 жилийн хугацаанд хуулийг хэрэгжүүлсэнгүй. Зарим хун хот байхгүй гэдэг. Уг нь байгаа юм. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шаардлагыг хангасан хот Эрдэнэт, Дарханаас эхлээд байна.

Хотын хөгжлийн асуудлыг төр, засгийн түвшинд ярих цаг нь болжээ. Энэ ажлыг эхлүүлэхийн тулд улсын эдийн засаг, нийгэмд гүйцэтгэж байгаа үүргийг нь харгалзан Эрдэнэт, Дархан, Чойбалсан, Ховд, Сүхбаатар, Замын-Үүдийг хотын статустай болгох хэрэгтэй. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Үндэсний хөгжлийн цогц бодлого, стратегийн томоохон ордуудыг ашиглах зэрэг хөгжлийн чухал зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд дээрх зургаан аймгийн төвийг хот гэж тооцох санал гаргаж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан.

-Зургаан хоттой байх нь хөгжлийг урагшлуулах том алхам болно гаж Та үзэж байна уу?

-Ингэснээр улсын хөгжил цоо шинэ шатанд гарна. Улсын зэрэглэлтэй хотын захирагчийг оршин суугчид нь сонгож, Ерөнхий сайд томилно гэсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн заалт хэрэгжснээр удирдлагын болон эдэлбэр газар, хөгжлийн санхүүгийн үндэс болсон хөрөнгийн сантай болох зэргээр бие даасан байдал нь хангагдаж эхлэх юм. Шаардлагатай хууль, тогтоомжид өөрчлөлт оруулж таарна. Хотын хөгжилд эхлэл хэрэгтэй байна. Өөрийн удирдлагатай, тодорхой тооны оршин суугчтай, нийтлэг үйлчилгээний цогцолбортой, амьдралын хэв маяг, соёл бүхий ахуйг хадгалсан хот байх ёстой. Хүний хөгжилтэй шууд холбоотой учраас хотын хөгжил, хэв маягийг корпорацитай зүйрлэдэг. Хотыг хүлээн зөвшөөрөх нь нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлэх, улсын төсвийн ачааллыг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой учраас төр, засаг бүхий л байдлаар дэмжих ёстой. Хотын хөгжил дэлхийн хөгжлийн ирээдүйн хандлага болчихсон шүү дээ. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль 17 жил "унтлаа". Түүнийг "сэрээж", хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ингэх юм бол Засгийн газар, шат шатны Засаг даргын Тамгын газрын ачаалал ч хөнгөрч, хотын хөгжлийг түргэсгэхэд дэмтэй.

-Хотжсон улс илүүтэй хөгжсөн харагддаг...

-Өрнө, дорнын аль алиных нь дэвшилд хотын хөгжил их үүрэг гүйцэтгэсэн байдаг юм билээ. Египет, Хятад, Грек, Ромын соёл хот, тосгоны хөгжил соёлтой шууд холбогддог. Хот, тосгоноос үүдэлтэй хүчирхэг төрт улс ч нэлээд бий гэдэг. Тэднээс тусдаа хөгжсөн соёл иргэншлийн нэг нь нүүдэлчдийн хэв маяг юм. Монголчууд нүүдэлчин уламжлалтай ч орчин үеэ дагаад хотын хөгжлийг түргэтгэх шаардлага гарч байна. Хотын хөгжлийг дагаад тосгоны /сум, хөдөөгийн/ хөгжлийн асуудал яригдана. Монголын хотын хөгжлийг түргэсгэхэд судалгаа их шаардлагатай санагддаг. Төр, засгийн бодлогод ч тодорхойгүй зүйл нэлээд бий. 1993 оны Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, 2008 онд батлагдсан Хот байгуулалтын тухай болон Усан хангамжийн тухай хуулиас өөр эрх зүйн зохицуулалт гэхээр зүйл алга байна.

-Зургаан аймгийн төвийг хотод тооцуулах асуудал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссаныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Та санаачилга гаргасны хувьд араас нь шахаж, шаардаж буй зүйл байна уу?

-Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам үүнд анхаарал хандуулж байгаа гэсэн мэдээлэл надад өгсөн. Хаврын чуулганаар асуудлыг хэлэлцэхгүй бол оройтох гээд байна. Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах, төсөв хийгээд бусад салбар хуульд эргэж харах зүйл бий.

Монголд хот байгаа. Түүний хөгжлийг царцааж буй саад тээг, сэтгэлгээний хоцрогдлыг арилгаж, хуулийг хэрэгжүүлэх л ёстой. Хот бол тэр чигээрээ үйлчилгээ, бизнес, хөгжил, удирдлага, зохион байгуулалт. Монголын хөгжлийн нэг үүц нь хотын хөгжлийн асуудал гэж би үздэг. Хүн амаа эрчимтэй өсгөж, чанартай үйлчилгээ авч, зах зээлээ өргөтгөх нэг том хэлбэр бол хот, тосгоны хөгжлийн асуудал юм. Энэ хэрээр амьдрал буцалж, хөгжил жамаараа урагшилна. Хотыг хөгжүүлэхгүй юм бол зах зээл тэлж, хөгжихгүй. Хөрөнгө оруулалт хийгдэхгүй, оршин суугчид чанартай үйлчилгээ авч чадахгүй. Хотын хөгжлийг л дэмжихгүй юм бол улсын төсөв, эдийн засгийн ачаалал нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй.

-Монголын хотуудыг зургаагаар хязгаарлахгүй байх. Та бид улсын зэрэглэлтэй хотуудын тухай ярилаа. Цаашдаа аймгийн зэрэглэлтэй хотыг хөгжүүлэх ёстой юу?

-Дорнодын уран, газрын тос, Өмнөговийн Оюутолгой, Тавантолгой, Дорноговьд баригдах аж үйлдвэрийн парк зэргийг түшиглэсэн төвлөрөл бий болж, түүнийг дагасан үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжиж таарна. Амьдралын тэр хэрэгцээ, шаардлагыг дагаад хот, тосгон жамаараа "төрж" эхэлнэ. Эрдэнэт, Дархан ч гэсэн ийм л бүтээн байгуулалтын ур дүнгээр өнөөгийн түвшинд хүрсэн. Ингээд харахаар бидэнд хот, тосгоны хөгжлийн том бодлого хэрэгтэй болоод байгаа юм. Засаг, захиргааны шинэчлэлтэй ч энэ нь шууд холбогдоно. Өнөөдрийнх шиг тархай, бутархай засаг, захиргааны нэгж, тарамдсан төсөв, эдийн засгийн бодлогоор Монгол Улс хөгжихгүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.