Ж.Мөнхбат. Татвар нэмсэн асуудлыг ОУВС-тай ярьж, эргэж харах БОЛОМЖ бий
2018.01.23

Ж.Мөнхбат. Татвар нэмсэн асуудлыг ОУВС-тай ярьж, эргэж харах БОЛОМЖ бий

УИХ-ын гишүүн Ж.МӨНХБАТТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Орон нутгаас сонгогдсон УИХ- ын гишүүний хувьд өвөлжилтөд нэлээд санаа зовниж байх шиг байна. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Улаанбаатар хотын хувьд хүндрэлтэй асуудал нь агаарын бохирдол бол орон нутгийн хувьд өвөлжилт болоод байна. Иймд энэ асуудлыг УИХ дээр авч хэлэлцэх нь зүйтэй гэдэг саналыг тавьсан. Өвөлжилт хүндэрч, зуд болох нь зөвхөн 300 гаруй мянган малчны асуудал биш. Монгол Улсын эдийн засаг, төв суурин газрынхны махны хэрэглээ гээд хөдөө аж ахуйн салбартай шууд хамаатай. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал болж хувирна. 2009 онд цас их унаж, хүйтэрч улмаар зуд болж байсан ч тухайн үед цасан дороо өвстэй байсан. Харин өнгөрсөн зун Сүхбаатар болон Дорнод аймгаас бусад нутаг зуншлага муутай байлаа. Иймд өвөл, хаврыг хохирол багатай даван туулахын тулд Засгийн газар, УИХ-тай хамтарч ажиллах ёстой. Малчдад шаардлагатай өвс, тэжээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох хэрэгтэй. Архангай аймгийн өвөлжилт хүндэрсэн сумын малчдад Сэлэнгэ аймгаас өвс нийлүүлэх гэхээр шатахууны асуудал үүсдэг.

Бид ниргэсэн хойно нь хашгирдаг зарчмаар явж ирсэн. 2009, 2010 оны зуднаар маш олон малчин хотоо харлуулж, нүд халтирам дүр зураг бий болж байсан. Харин энэ удаад төр, засаг урьдчилж хөдлөх, эрсдэлээс хамгаалах шаардлагатай байна.

-Өвөлжилт хүндэрсэн орон нутгийн малчид юу хэлж байна вэ?

-Мал нэлээд хүнд байдалд орчихсон байна. Зун, намартаа тарга тэвээрэг авч чадаагүй. Гэтэл одоо цасан дор хамар хатгах ч өвс алга. Цаашид битгий хүйтрээсэй гэж орон нутгийнхан залбирч сууна. Хэрэв хүйтний эрч эрс чангарвал өвөлжилт хүндэрч, зудын аюул нүүрлэнэ гэдгийг хэлж байна. Иймд төр, засгаас малчдад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэхийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд уриалж, улс орон даяар тусламжийн аян өрнүүлэх ажлыг хийж хэрэгжүүлэх цаг нь болсон байна.

-Он гараад нэмэгдсэн татварын асуудалд олон нийт нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ асуудлыг ОУВС-тай ярилцах байдлаар эргэн харах боломж бий юү?

 -Өнгөрсөн Засгийн газрын үед энэ асуудлыг татаж авах саналыг УИХ-д оруулж байсан. Татвар нэмсэн асуудлыг эргээд ОУВС-тай ярих бүрэн боломж бий. Тухайлбал, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсантай холбоотой хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгохоор болсон.

Гэхдээ 2018 оны улсын төсвийг батлахад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ОУВС- тай ярилцсан. Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох бүрэн боломжтой” гэдэг мэдээлэл өгч байсан.

Иймд татварын асуудлыг мөн эргэж харахад болохгүй зүйлгүй. Манай улс ОУВС- гийн хөтөлбөрт хамрагдаад тодорхой хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд тус сангаас тавьсан шаардлагыг Монголын Улсын Засгийн газар сайн биелүүлж ирсэн. Тийм учраас үүнээс цааш улс орны эдийн засагт үүссэн онцгой нөхцөл байдлыг харгалзан үзээд харилцан ойлголцох боломж байгаа гэж харж байна. Энэ бол Засгийн газар, тэр дундаа Сангийн сайдаас шалтгаална.

-Сүүлийн үед олны шүүмжлэл дагуулсан бас нэгэн асуудал бол арилжааны банкуудын зээлийн хүүнд хязгаар тогтоох хуулийн заалтыг буцаасан явдал. Яагаад ийм зүйл болов?

-Банкны тухай хуулийг анх оруулж ирэхэд гурван зүйлийг заавал тусгах ёстой гэсэн шаардлага тавьж байсан. Нэгдүгээрт, банкны санхүүгийн орчинг сайжруулах.

Хоёрдугаарт, банк охин компани байгуулж аж ахуйн нэгжүүдийн бизнесийг булааж авдгийг зогсоох. Гуравдугаарт, Монгол Улс өнөөдөр хүүгийн дарамтад орсон. Иймд зээлийн хүүг бууруулах ёстой гэсэн шаардлага тавьж байлаа. Гэтэл зээлийн хүүтэй холбоотой асуудлыг Банкны тухай хуулийг дагаж, нэмэлтээр оруулж ирсэн ч харамсалтай нь үүнийг буцаасан байна. Миний хардаж байгаагаар УИХ-ын гишүүд банкныхны лоббид өртсөн байж магадгүй.

Ер нь банк, санхүүгийн орчинг хөндөх, түүнд холбоотой хууль, зээлийн хүүг бууруулах талаар ярихад банкны удирдлагууд нийлж нэг баг болоод бусдад нөлөөлөх арга хэмжээ авдаг.

Мөн үндэсний аюулгүй байдал хэцүүдлээ, банкууд дампуурлаа гэдэг асуудал ярьсаар байгаад өнөөдрийг хүрсэн.

Үүний үр дүнд Монгол Улс дэлхийд байхгүй 27 хувийн хүүтэй, мөнгө хүүлэлтийн орон боллоо. Тийм учраас үүнийг таслан зогсоох ёстой байсан юм.

-Энэ асуудлыг шийдвэрлэх ямар боломж байсан бэ? 

-Банкны тухай хуулийг дагуулж оруулж ирсэн зохицуулалтын хуулиар Монголбанкинд эрхийг нь өгөх боломж байсан. Монголбанк өөрөө валютын ханшаа тогтоож, мөнгөний бодлогоо барьдаг учраас УИХ, Засгийн газрын өмнө хариуцлага хүлээдэг. Тийм учраас зээлийн хүүгийн асуудлыг нэгдүгээрт, Монголбанкинд хариуцуулж болох байлаа.

Хоёрдугаарт, хуулиар тодорхой хэмжээний босго тавиад, үе шаттайгаар зээлийн хүүг бууруулах боломж бас бий. Хоёрхон жилийн өмнө Монгол Улсын тэтгэвэр, цалин авагчдын 83, нийт малчдын 86 хувь нь малчны, аж ахуйн нэгжүүдийн 72 хувь нь банкны, Монгол Улс өөрөө бондын зээлтэй байсан. Үүнээс гарах алхмыг хийх боломжоо бид алдлаа.

-Зээлийн хүүнд хязгаар тогтоох заалтыг буцаасан шалтгаан нь юу байв. Цаашид энэ асуудлыг авч хэлэлцэх үү?

-Зээлийн хүүг бууруулахтай зэрэгцээд хадгаламжийн хүү болон гаднаас оруулж ирж байгаа мөнгөн эх үүсвэрийн татварыг бууруулахтай холбоотой асуудлыг багцаар нь оруулж ирэх ёстой гэдэг шалтгаанаар буцаасан. Үүнийг хэзээ оруулж ирэх нь тодорхойгүй явсаар эцэст нь худлаа болдог. Тиймээс банкны хүү бууруулах талаар хуулийн төсөл боловсруулж, хаврын чуулганаар УИХ-д өргөн барихаар болсон. Үүнийг зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой. 

- Банк, түүний эрх ашгийг хамгаалах магадлалтай гишүүд УИХ-д хэр олон байдаг вэ?

-Нэлээд хэд байдаг байх шүү. Ер нь цаашид банкны хуулийг ярих үед банктай, түүнийхээ эрх ашгийг хамгаалах УИХ-ын гишүүдийг ажлын хэсэгт оруулахгүй байх нь зөв юм байна.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь төрийн мэдэлд байгаа эсэх асуудлыг сүүлийн үед хөндөх боллоо.

Үүнд тайлбар өгнө үү? -Сүүлийн үед ийм сонин асуудал их ярих боллоо. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь Монгол Улсын төрийн мэдэлд байгаа. Харин УИХ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой тогтоол гаргасны дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэрийг Д.Эрдэнэбатын Засгийн газар хоёр удаа гаргаж байсан. Тухайн үед би ЗГХЭГ-ын дарга байсан учраас энэ ажлыг гардан зохион байгуулсан юм. “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд очсон ТУЗ-ийн гишүүдийг төрийн ажилтнаар сольж, 49 хувийг төлөөлж байсан бүх захирлыг ажлаас нь чөлөөлсөн.

Харамсалтай нь, тухайн үед шүүхийн анхан шатны шийдвэр 49 хувийг эзэмшигч талд гарсан учраас Засгийн газраас гаргасан шийдвэрийг түдгэлзүүлсэн. Гэхдээ Засгийн газар давж заалдсан.

Энэ үйл явцын дараа өнгөрсөн зургадугаар сард “Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төрд авч, иргэдэд хувь ногдуулах шийдвэрийг Засгийн газраас дахин гаргасан. Тиймээс сүүлд энэ Засгийн газраас гаргасан шийдвэр шинэ зүйл биш ч харилцан суутгал хийх замаар шилжүүлэх болон иргэдэд хувь эзэмшүүлэхийг тодорхой тогтоосон шинэ шийдвэр. Тэгэхээр хоёр Засгийн газрын үед “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын төрд авч, ард түмэндээ хувьцаа эзэмшүүлэх нь гурав дахь удаагаа гаргасан шийдвэр болж байна гэсэн үг.

-Тус үйлдвэрийн 51 хувийг төрийн хоёр байгууллагад тодорхой хувиар нь хувааж хариуцуулж байсан гэдэг асуудал бас сөхөгдөж байна?

-Биднийг 2016 оны наймдугаар сард ажлаа .хүлээж авахад “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг хоёр хуваачихсан байсан. Энэ бол Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байх үед гаргасан шийдвэр. Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Орос мэддэг байлаа. Үлдсэн 51 хувийнх нь талыг Сангийн яам, нэг хэсгийг нь Төрийн өмчийн хороо мэддэг болсон байсан. Ингэснээр өмч эзгүйдэж, үнэгүйдэхийн зэрэгцээ хариуцлагын систем алдагдсан нөхцөл байдал үүсч байлаа. Тиймээс бид үүнийг болиулж, хуучнаар нь 51 хувийг Төрийн өмчийн хорооны мэдэлд шилжүүлсэн. 

Сэтгүүлч С.Юмсүрэн