"Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээ" УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа
2018.01.05

"Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээ" УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа

Өнөөдөр үдээс өмнөх УИХ-ын нэгдсэн чуулганаар Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний эхний хэлэлцүүлгийг хийсэн. Үргэлжлүүлэн Байнгын хорооны ажлын хэсэг хуралдсаны дараа үдээс хойшхи чуулганы нэгдсэн чуулганаар эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-аас УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулсан ажлын хэсэг гарч, утааг бууруулах чиглэлээр шуурхайлан ажиллаж байгаа билээ. 

Уг тогтоолын төсөлд УИХ-аас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгуулагдсан Ажлын хэсгийн тайланг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцсэний үндсэн дээр агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээ авч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны тогтоолын хэрэгжилтийг УИХ-д танилцуулах, холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах хууль, тогтоолын төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх зэрэг асуудлыг тусгасан юм.

Эцсийн хэлэлцүүлийн талаар Байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг уншиж танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэнийн дараа санал хураалт явууллаа. Чуулганд оролцсон нийт гишүүдийн 80.4 хувь нь дэмжсэнээр уг тогтоолын төсөл батлагдлаа.