2017.12.27
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд зөвлөмж хүлээж авлаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт өнөөдөр нийт 11 чиглэл бүхий Зөвлөмжийг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар гардуулан өглөө.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсгүүд төрийн бүх шатны байгууллагууд 2015, 2016, 2017 оны I улирлын байдлаар авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгасан юм.
Авлигатай тэмцэх газар шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байх үүднээс Зөвлөмж боловсруулсан бөгөөд уг Зөвлөмжийг яам, агентлагт хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Зөвлөмжид уул уурхайн салбарын албан тушаалтан нь албан үүргээ гүйцэтгэсний төлөө хууль тогтоомжид зааснаас гадуур аливаа төлбөр авахгүй байх, Газрын тосны газрын даргын 2011 оны 211 дүгээр тушаалаар баталсан “Төлөөлөгчийн үйл ажиллагааг дэмжих хөрөнгийг зарцуулах журам”-ыг хүчингүй болгож, шинэ батлагдсан Газрын тосны тухай хуульд нийцүүлэх, зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тусгажээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Зөвлөмжийг хүлээн аваад “Манай салбарын хэмжээнд цэгцлэх асуудал байна.
Бид Авлигатай тэмцэх газрын өгсөн зөвлөмжид дурдсан асуудлуудыг цаашид салбарын хэмжээнд анхааран ажиллана” гэв. Мөн уулзалтын үеэр салбарын мэдээллийг ил тод, нээлттэй байлгах тал дээр анхаарч, “Ил тод хариуцлагатай уул уурхай”-г хөгжүүлэхээр ажиллаж буйгаа хэллээ.