Х.Баттулга: Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр бол хэзээ ч үл мартах өдөр юм
Өнөөдөр /2017.12.28/ УИХ-ын нэгдсэн чуулган 55.3 хувийн ицртэйгээр эхэллээ.
Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож Монгол Улс үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандулсны 106 жил өнөө жил тохиож байгаатай холбогдуулан үг хэллээ.
Тэрээр: "Тусгаар тогтнолын үйл хэргээ энэ өдөр баталгаажуулж чадсаныг түүхчид нотолдог. Чингис хааны угсаат язгуурт, язгуурын үндсээ хадгалж тэмцлээ эхэлсэн. Үүнийг та бид хүндэтгэн дурсаж, маргааш ёслон тэмдэглэх гэж байна.
Бидний хувьд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр бол хэзээ ч үл мартах өдөр юм. Байгуулсан төрийн төлөө батлан тогтоосон тангаргаа хичээнгүйлэн хайрлана гэдэг үгийг өнөөгийн төрийг барьж буй хүмүүс өдөр бүр санах хэрэгтэй.
Шинэ мандсан Монголын төр дотоодын эдийн засгаа боломжоороо өөд нь татах, өөрийн ард түмнээ дэлхий дахинтай танилцуулах их үйл хэргийг хийж ирсэн. Түүх бол алдаа онооны оньс юм. Түүх бол өнгөрснөөс одоог дайрч, ирээдүйд одох галт тэрэг. Монголчуудын итгэл эвдэрч явсан түүхийг бид бас мартаж болохгүй. Ийм гашуун түүх өнөөдрийн цаг үетэй ижил байгааг бид бас санах хэрэгтэй.
1921, 1990 оны хувьсгалууд нь 1911 оны хувьсгалын их үйл хэргийн тасралтгүй үргэлжлэл юм. Нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн ахмад үеийнхний үргэлжлэл нь өнөөдрийн бид нар билээ. Энэ жил бид шинэ жил тэмдэглэхээс илүү, алдсан алдаагаа ухаарч, урагшлах нь чухал байна. Залхуу нь ажиллаж, алдсан нь гэмшлээ ухаарч ажиллах ёстой" гэлээ.