Ц.Даваасүрэн: Байнгын хороодын дэргэд эрдэмтэн судлаачид ажиллах ёстой
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дараах саналыг хэллээ.
УИХ-ын үйл ажиллагааг дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуулиар зохицуулдаг. Тийм учраас тогтоолоор зөвлөл байгуулаад УИХ-ын үйл ажиллагааг зохицуулна гэдэг бол учир дутагдалтай.
УИХ-ын тухай хуульд төсвийн байнгын хорооны дэргэд төсвийн алба байна гэж заасан. Тэр алба одоогоор 10 орчим хүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ бүтэц бол бүх улс оронд байдаг.
Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдэд төсвөө хэлэлцэх үед нь төсвийн гүйцэтгэлд хяналт тавихад нь тусалдаг, судалдаг, судалгаа хийдэг, зөвлөмж гаргадаг байгууллага юм.
Жишээлбэл төсөв хэлэлцэх үед валютын ханшийг яаж авсан бэ, инфляцийг яаж тооцсон, ЗГ оруулж ирж байгаа төсвийн алдагдал үнэн юмуу худлаа юм уу гэдгийг гаргаж ирдэг.
Тэрнээс биш 4-5 УИХ-ын гишүүн ажлын хэсэг байгуулчихаад тэр том хэмжээний судалгааны дүгнэлт гаргана гэж байхгүй.
Хүнээр бол өвлийн хүйтэнд нимгэн дээлтэй яваад байгаа хүн шиг л болчихоод байна. 76 хүн нь бүх юмыг хийх гээд байдаг, тэгээд гарсан хууль дүрэм нь ард түмний үнэлэмжинд тэр бүр хүрдэггүй.
Энэ нь төсвийн болон бусад байнгын хороодын дэргэдэх бүтэц нь байхгүйтэй холбоотой юм. Иймд судалгаа шинжилгээ хийхэд нь зориулсан алба байх ёстой.
Одоо орж ирж байгаа энэ бүтэц бол даргын зөвлөл байна, бидний УИХ-ын тухай хуульд оруулсан заалтаар бол ажил хийдэг эрдэмтэн судлаачдын 30-аас дээш хүнтэй алба байх тухай яриад байгаа юм.
Энэ тогтоол батлагдвал УИХ-ын тухай хууль, дэгийн тухай хуультайгаа зөрчилдөх нөхцөл байдал үүснэ. Та бүхэн анхаараарай.
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хариулав.
МУ-ын 2018 оны төсвийн тухай хуулийг баталсантай холбогдуулан УИХ-ын тогтоол гарсан. Энэ тогтоолын 3 дахь заалт дээр төсвийн байнгын хороонд даалгасан шийдвэр нь төсвийн тогтвортой байдлыг зөвлөлийг байгуулах юм.
Энэ зөвлөлийг байгуулахтай холбоотойгоор зөвлөлийн үйл ажиллагааг явуулах дүрэм журмыг батлах ёстой. Энэ журмыг байнгын хороогоор батлах гэсэн боловч гишүүдийн саналаар УИХ-ын тогтоолоор батлах ёстой гэсэн шийдвэрийн дагуу энэ асуудлыг хэлэлцэж байна.
Ц.Даваасүрэн гишүүний ярьсан эрдэмтэн судлаачдыг оролцуулсан төсвийн шинжилгээний алба гэдэг байгууллагын эрхзүйн орчныг нь бүрдүүлэхээр хуулийн төслийг нь өргөн бариад ирэх ондоо хэлэлцэхээр явж байгаа.
Энэ ажил бол тусдаа өөр ажил.