УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг байнгын хорооны даргаар сонголоо
2017.12.21

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг байнгын хорооны даргаар сонголоо

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Өчигдөр БОХХАА байнгын хорооны хуралдаанаар түүнийг даргаар томилох асуудлыг 90 хувийн саналаар дэмжсэн юм.

Түүнийг томилох үеэр УИХ-ын гишүүд уул уурхайн нөхөн сэргэлтийн асуудлын хамгийн ихээр хөндсөн юм.

УИХ-ын гишүүн Л.Болд “ Байгаль орчны нөхөн сэргэлтийн бодлогын асуудал нэн чухал байна. Уул уурхайн салбарын нэр хүнд муу байгаа нь энэ нөхөн сэргээлттэй шууд холбоотой байгаа. Тийм учраас энэ тал дээр маш тодорхой бодлого ойрын үед гаргах ёстой. Шинэ байнгын хорооны дарга энэ талаар баримтлах бодлогыг нь сонсмоор байна. Хоёрдугаарт ХАА салбарын аюулгүй байдлын талаар ямар бодлого барьж байгаа вэ? “ гэсэн асуултыг асуусан юм.

Харин УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир эмнэлгийн чөлөөтэй өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд ирээгүй учраас өмнөх байнгын хорооны дарга Ц.Гарамжав дээрх чиглэлээр өнгөрсөн жил барьж ажилласан бодлого, үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “ Энэ байнгын хорооны үүрэг, роль улам л нэмэгдээд байгаа. Уул уурхай, нуур цөөрөм ширгэж байгаа, худаг усны гарц муу байгаа, ой модны асуудал мөн малын халдварт өвчний асуудал байна. Өмнө нь нэг аймагт гарсан өвчнийг шууд дардаг байсан бол одоо зүүн аймаг, Улаанбаатар, Сэлэнгэ аймаг руу хүртэл ордог болж. Мөн өвөлжилтийн асуудал байна. Сая УИХ-аар 40 тэрбум төгрөг баталсан. Үүнийг эргэж харахгүй бол үүний ихэнх нь тэжээл юм байна лээ. Өвсний асуудлыг эргэж харах хэрэгтэй. Хүнс, хөдөө аж ахуйн салбартай холбоотой олон асуудал байгаа шүү гэдгийг хэллээ.