Эрдэнэтэд олон улсын бизнес чуулган боллоо
УУХҮЯ, Эрдэнэт үйлдвэр ХХК хамтран “Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” олон улсын бизнес чуулга уулзалтыг энэ сарын 13, 14 өдрүүдэд Эрдэнэт хотод зохион байгууллаа. Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр 1978 оны 12 дугаар сарын 14-нд түүхэн хөгжлийнхөө замыг нээсэн байдаг.
Энэхүү түүхт ойн өдөрөө тус үйлдвэрийнхэн олон улсын эдийн засгийн форум зохион байгуулж, 2017-2031 онд үйлдвэрийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцсэн юм.
Бизнес форумд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут тэргүүтэй хүмүүс оролцлоо. Мөн уул уурхайн салбарын төлөөллүүд, 15 орны 40 гаруй уул уурхайн тэргүүлэх компаниудын төлөөлөгч уригдан иржээ.
Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайд Д.Сумьяабазар хариуцлагатай тогтвортой уул уурхайг хөгжүүлэхийг зорьж буй чухал үед энэхүү олон улсын бизнес форумыг зохион байгуулсан нь цагаа олсоныг онцлон хэлэв.
Мөн тэрбээр түүхий эд экспортлогч орноос нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон луу шилжих үйл явцад юуны өмнө Эрдэнэт зэрэг том стратегийн орд, үйлдвэрийн газруудад техник технологийн дорвитой шинэчлэл хийх шаардлагатай байгааг хэллээ.
хоёр өдөр үргэлжилсэн тус форумын үеэр Эрдэнэт үйлдвэрийн гадаад хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, төлөвлөгөөт төсөл зорилтууд хэрэгжих боломж бүрдэж байгааг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хаалтын ажиллагааны үеэр дүгнэв.