Өндөр хөгжилтэй Герман улсын хүчирхэг компани нөхөн сэргээлтийг бүрэн хийж ЧАДАХГҮЙ байна
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ
Аян замын тэмдэглэл
Монгол Германы Парламентийн бүлгийн шугамаар ХБНГУ-д хийсэн айлчлалын хүрээнд аялал жуулчлал, уул уурхай, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай танилцахаар Тюринг муж улсад зочлов.
“Коффхайзер” аялал жуулчлал, дурсгалын цогцолбор
УИХ дахь Монгол Германы парламентийн бүлгийн дарга УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва ахалж бүрэлдэхүүнд тус бүлгийн дэд дарга , УИХ-ын гишүүн Д.Гантулга, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Д.Мурат, Д.Цогтбаатар, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн референт О.Гэрэлхүү нар оролцлоо.
Монгол улсаас ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Болор хүлээн авч уулзлаа. 2017 оны 3-р сарын 9-ны 09.00 цагт Берлинээс хөдөлж 12 цагийн үед “Кюффхаузер” хэмээх эртний дурсгалын цогцолбор төв дээр ирэв. Тэнд тус хотын захирагч Кнут Хоффманн, Эрфурт хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэд ерөнхийлөгч бөгөөд тус аялал жуулчлалын төв ХХК-ийн захирал Катрин Ауэрбах, Франкенхаузен хотын захирагч Маттияс Штрейц, Тюринг муж улсад байрлах Бундесварийн анги салбарын захирагч нар угтан авлаа.
“Кюффхаузер” аялал жуулчлалын төв нь нилээн урт үргэлжилсэн толгод, уулсын хамгийн өндөрлөг цамхаг маягийн хадан оргилыг түшиглэн хоёр давхар барьсан хөшөө дурсгалын цогцолбор бөгөөд түүх соёлын үнэт өвийн хамгаалалтанд байдаг байна.
Эртний Германы хамгийн алдартай хаан Франдрех Бабрик 1190 онд Иериусалимд голлох аян дайн хийж яваад амь алдсан хэдий ч ард иргэд нь хаанаа нас бараагүй, эх нутгийнхаа энэ ууланд шингэсэн гэж үзэн сүсгэлсээр иржээ.
Мөн 1871 онд Германыг нэгтгэсэн 1-р Вилхельм хаанд зориулсан хөшөөг цогцолборын дээд давхарт байгуулсан байна. Ийнхүү Германы хоёр алдартай хааны иж бүрэн хөшөө дурсгал энд байдаг юм байна. Хамгийн сүүлд гэхэд 9.0 сая Eврогоор сэргээн зассан ажээ. Тохилог хоолны газар, хатуу хучилттай зам, цахилгаан, ус зэрэг дэд бүтцийг бүрэн шийдэж, ая тухтай орчныг бүрдүүлсэн байна.
Манай их эзэн Чингис хаантай адил их хаадаа, тэднийхээ түүхэнд холбогдох бүс нутгаа төрөөс хэрхэн анхаарч аялал жуулчлал, түүхэн үзмэрийн бүтээгдэхүүн болгон хойч үедээ төдийгүй Дэлхий нийтэд сурталчилж болдгийг “Кюффхаузер” төв бэлхнээ харуулж байгааг үзээд өөрийн эрхгүй цагаахан атаархал төрснийг нуух юун.
Нөхөн сэрээлтийг бүрэн хийх боломжгүй аж
Үдээс хойш Зондерсхаузен хотод ирлээ. Энд чулуун давсны гүний уурхай эрхэлдэг “ГСЕС” ХХК-ны үйл ажиллагаатай танилцав. Энэ уурхай дэлхийн хамгийн олон жилийн түүхтэйд тооцогдох бөгөөд 1897 онд ашиглалтанд орсон аж.
Уурхайн гүний дундаж 670 м, хамгийн гүн нь 1250 м, уурхайн нийт урт 400 км гэнэ. Уурхайд Герман улсад 1926 онд үйлдвэрлэсэн машин тоног төхөөрөмж ажиллаж байсныг 1992 онд зогсоосон бөгөөд одоо үйлдвэрийн тэр хэсгийг бүрэн музей, үзмэрийн хэлбэрээр үлдээсэн байна. Хуучин үйлдвэрийн байрны хонгил өрөөнүүдийг гүний уурхайд байгаа мэт байдлаар зассан байх юм.
Жилдээ 200.0 тонн чулуун давс олборлож, 1 тонныг нь 60 Eврогоор зах зээлд борлуулдаг энэ уурхай 230 ажилчинтайгаас 13 хүн нь нөхөн сэргээлтийн ажил хариуцдаг юм байна. Уурхайд тулгамдаж буй хамгийн бэрхшээлтэй хүнд асуудал бол байгаль орчинд учруулж байгаа хор хохирол, түүнийг арилгах, нөхөн сэргээх ажил юм байна. Одоогийн байдлаар зөвхөн дээрх чулуун давсны уурхайд 60 сая м3 овоолгын шороо байгаа бөгөөд эндээс жил бүр борооны улмаас 121 716 тонн бохир давсны уусмал гүний ус, хөрсөнд нэвчиж орж байгаа гэсэн дүгнэлт гарсан байдаг аж. Үүнээс гадна нэг аюултай зүйл бол гүний уурхайн баганууд нурах явдал бөгөөд үүнийг тогтоохын тулд шуудайтай элсээр хүчитгэн бэхэлдэг байна. Хамгийн үр дүнтэй бөгөөд өндөр зардалтай арга бол төмөр бетон цементэн багана цутгах явдал гэнэ. Ийм арга хэмжээ авсны үр дүнд 1992 онд баганы нуралт хэдэн метрээр ярьж байсан бол одоо нилээн тогтсон гэж байна.
Нөхөн сэргээлт хариуцсан албаны дарга Франк гуай нөхөн сэргээж байгаа талбайтайгаа биднийг танилцуулав.
Хаягдал овоолгын шороог далдлахын тулд наад тал нь 10 м зузаантай эрүүл хөрсөөр хучих шаардлагатай бөгөөд эхний ээлжинд техникийн давхаргыг 7-8 м зузаантай байгуулаад, үүн дээрээ 1.5-2 м ургамал, мод ургах боломжтой хөрсийг бий болгодог байна. Энэ бүх ажлыг компани өөрийн хүч хөрөнгөөр хийх учиртай. Харин тус уурхайн компанийн зардлыг бууруулах нэг зүйл нь Германы хуулиар барилгын компаниуд хаягдлаа төлбөртэй асгадаг юм байна. Зөвхөн хуванцар, хөөсөнцөр хаягдлын үнэ 1 тонн нь 60 E -оос 1500 E болж нэмэгдсэн байх жишээтэй. Гэхдээ үүнийг нөхөн сэргээлтэнд ашигладаггүй хуультай байдаг юм байна. Учир нь нөхөн сэргээлтэнд хэрэглэх хог хаягдал нь байгальд үл шингэх ямар нэг зүйл агуулаагүй байх учиртай гэнэ.
Нөхөн сэргээлт хийсэн талбайд хяналтын зориулалттай гүний хэд хэдэн цооног гаргасан байх бөгөөд үүгээр уг уурхай овоолгын гүнд болж байгаа өөрчлөлтийг хянаж, хэмжиж байдаг юм байна. Ингээд энэ их ажил, их зардлын ард 700 га талбай эзэлсэн 60 сая м3 овоолго шорооны ердөө 60 гаруй хувьд нөхөн сэргээлт хийгээд байгаа бөгөөд нэгэнт бохирдсон гүний цэвэр усны чанарт ахиц гарахгүй байгаа гэнэ. Орчны хөрс, агаарын бохирдлыг бууруулж, хүн амын амьдрах нөхцлийг дордуулахгүй байхад энэ их ажлын ач холбогдол оршиж байгаа тухай тэд хэлсэн юм.
Эндээс үзвэл, уул уурхайн үйлдвэрлэл, түүний хүний нийгэм, байгаль орчинд учруулж байгаа хор хохирлыг арилгах, байгалийг нөхөн сэргээх ажлыг хэчнээн их зардал хөрөнгө, цаг хугацаа зарцуулаад ч бүрэн хийж чаддаггүй болохыг өндөр хөгжилтэй орны хүчирхэг мэргэжсэн компаний ажлын бодот байдал харуулж байна.
Герман улсын эдийн засаг, эрчим хүчний бодлого
ХБНГУ нь эдийн засгийн хүчин чадлаараа Европт тэргүүлж, Дэлхийд дөрөвдүгээр байранд явж байна. ДНБ-ний хэмжээ 2016 оны байдлаар 3.300 тэрбум доллар, нэг хүнд ноогдох хэмжээ 45270 доллар, экспорт 1200 тэрбум Евро, импорт 950 тэрбум Евро, ашиг нь 250 тэрбум Евро байсан байна.
Экспортын гол бүтээгдэхүүн нь автомашин, химийн бодис, комьпьютер, электрон бараа, цахилгаан тоног төхөөрөмж, эм, металл, тээврийн тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн, нэхмэл, резин болон хуванцар бүтээгдэхүүн ажээ. Эдгээрээс зарим бүтээгдэхүүнүүдийн экспортонд эзлэх хувийг сонирхвол автомашин 20 хувь, машин тоног төхөөрөмж 15 хувь, химийн бүтээгдэхүүн 13 хувийг тус тус эзэлж байна. ХБНГУ улсынхаа төсвийн орлогын 95-98 хувийг татвараас, үлдсэн хэсгийг төв банкны орлогоос бүрдүүлдэг байна.
Герман улс гадаадын улс орнуудаас эрчим хүч, уул уурхайн бүтээгдэхүүн импортолдог. Үүнд жил бүр 107.0 тэрбум Евро зарцуулдаг. Герман улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд онцгой анхаарч буй нь аль ч муж улсад явсан харагдаж байна.
Зарим ХАА-н фермерийн талбайд тэр чигтээ нарны станц байгуулсан, нар салхины хосолсон станцууд барьж байгуулсантай таарна. Эрчим хүч үйлдвэрлэх бүтцийг харвал хүрэн нүүрсээр ажилладаг цахилгаан станц 24 хувь, цөмийн эрчим хүч 14 хувь, коксжих нүүрс 17 хувь сэргээгдэх эрчим хүч 30 хувь, био газ 12 хувь эзэлж байна. Герман улс сүүлийн 50 жил цөмийн эрчим хүч үйлдвэрлэн ашиглаж байгаа бөгөөд түүхий эдийг Канад, Европын улс орнуудаас импортоор авдаг юм байна.
Тус улсын засгийн газраас 2011 онд цөмийн эрчим хүчнээс татгалзах шийдвэр гаргасан бөгөөд 2022 онд бүрэн гарахаар ажиллаж байгаа гэнэ. Үүнтэй зэрэгцээд Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх цогц төлөвлөгөө баталсаны дагуу эрчим хүчний нийт хэрэгцээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2017 онд 30 хувь, 2025 онд 45 хувь, 2035 онд 60 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн байна...
Дэлхийд тэргүүлэх эдийн засагтай, тэргүүлэх технологитой Герман улс соёл түүх, уул уурхай, байгалийн нөхөн сэргээлт, эрчим хүчний бодлогын хувьд иймэрхүү байдалтай байхад улс орон маань Дэлхийг засан товхинуулж явсан агуу хааныхаа тухай Чингис гэж хэлэхээс цаашгүй байсаар, Монголдоо өгөөжгүй, байгальдаа ээлгүй уул уурхайг шүтсээр, нөхөн сэргээлтийг хийж байна, хийлгэж байна хэмээн бие биенээ хууран оромдсоор, түүхий нүүрсээ шатаан хот хөдөөгүй утаанд утуулж, тоосонд дарагдсаар суугаагаа бодохоор дотор бачуурам санагдана.