УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хөшөөтийн уурхайд ажиллалаа
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд “Баруун бүсийн чуулга уулзалт”-ыг Ховд аймагт зохион байгуулж буй билээ. Чуулга уулзалтын хүрээнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, УИХ дахь хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Ундраа нар өнөөдөр буюу 2017.11.27-ны өдөр Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Мо Эн Ко” ХХК-ийн удирдлагууд орон нутгийн хөгжилд анхаарч, дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллаж буй нь зөв зүйтэй юм. Цаашид ч энэ мэтчилэн орон нутгаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, иргэдийг нь ажлын байраар ханган, харилцан бие биедээ дэмтэй байдлаар Монголын уул уурхайн үйлдвэрлэл яваасай” хэмээв.
Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн чулуун нүүрсний ордод 2007 оноос эхлэн “Мо Эн Ко” ХХК ашиглалтын долоон тусгай зөвшөөрөл эзэмшин, үйл ажиллагаа явуулж буй билээ. Тус ордын бодит нөөцийг 2016 оны 3 сард 250 метрийн гүнээс тооцооолон 87,99 сая тонноор шинэчлэн тогтоосон байна.
Коксжих нүүрсний тус уурхайд өдгөө 1000 гаруй хүн ажиллаж байгаагаас 700 орчим нь монгол ажилчид юм байна. Түүнчлэн “МоЭнКо” ХХК нь Ховд аймгийн иргэдэд 40 орчим хувийн хөнгөлөлттэй үнээр нүүр нийлүүлдэг байна. Мөн туслан гүйцэтгэх ажлууд, хүнс бараа нийлүүлэлтийн дийлэнхийг орон нутгаас авахаар гэрээ байгуулан ажилладаг аж.
Энэ талаар тус компанийн Төр, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Ж.Гөлөгөө “Манайх орон нутагтай хамтран ажиллах гэрээний дагуу нийт ажилчидын 71 хувийг орон нутгаасаа авч ажиллуулж байна. Мөн Ховд аймгийн компаниуд манай экспортын тээвэрлэлтийг 100 хувь гүйцэтгэн ажиллаж байгаа” гэв.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон УИХ-ын гишүүн А.Ундраа нар Хөшөөтийн уурхайтай танилцсаныхаа дараа тус орон нутгийн иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм.
Энэ үеэр нутгийн иргэд тус тосгонд суурьшсан хүн бүр амьсгалын замын өвчлөлтэй болж, иргэдийн хашаанаас нэгхэн метрийн зайд хөрс хуулалтын шороон овоолго түрж орж ирээд байгааг УУХҮ-ийн сайд болон албаны бусад хүмүүст дуулгав.
Хөшөөт багт өдгөө 215 өрх, 1500 гаруй иргэн амьдардаг байна. Сүүлийн жилүүдэд тус тосгоныг нүүлгэн шилжүүлэх тухай яригдсаар байгаа ч өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй байна. Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амь, эрүүл мэндийг давсан ямар ч эрх ашиг байх ёсгүй гэдгийг Д.Сумъяабазар сайд дуулган энэ талаар анхааралдаа аван ажиллана хэмээлээ.
Улсын төсөвт энэхүү тосгоныг нүүлгэн шилжүүлэхээр 2018 оны төсөвт 600 сая төгрөг тусгасан байна. Иймээс үлдсэн хэсгийг компани болон орон нутаг хамтран шийдэж ирэх онд багтаан нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэхийг аймгийн Засаг дарга Д.Галсандондог хэлсэн юм. Мөн тэрбээр “Уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил норм дүрмийн дагуу хэвийн явагдаж байна. Гагцхүү нүүрсийг хуурай технологийн аргаар баяжуулдаг тул энэ нь орчин тойрондоо муугаар нөлөөлж байгаа. Бид өнгөрсөн жил цаашид нойтон аргаар нүүрсийг баяжуулах асуудлаар компанитай гэрээ байгуулсан. Ингэснээр 100 гаруй хүн ажлын байртай болж, байгаль орчинд ч эерөг нөлөө үзүүлнэ” гэв.