“Тооллогын улсын комиссыг байгуулах тухай” тогтоолын төслийг баталлаа
2017.12.08

“Тооллогын улсын комиссыг байгуулах тухай” тогтоолын төслийг баталлаа

“Хүн ам, орон сууцны тооллогын тов тогтоох тухай” болон “Тооллогын улсын комиссыг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцууллаа.

Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Тооллогын товыг ээлжит тооллого явуулах хугацаанаас хоёроос доошгүй жилийн өмнө Улсын Их Хурал зарлах, 13 дугаар зүйлийн 13.2-т Улсын Их Хурал ээлжит тооллого явуулах хугацаанаас хоёроос доошгүй жилийн өмнө Улсын комиссыг Үндэсний статистикийн хорооны санал болгосноор дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тус тус заасныг үндэслэн Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн санал, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу “Тооллогын тов тогтоох тухай”, “Улсын комисс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг Эдийн засгийн байнгын хороо боловсруулж, төслүүдийг 12 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолын төслүүдийг дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлах нь зүйтэй хэмээн үзжээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан, Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсан.

Гишүүд, статистикийн мэдээлэл, бусад төрийн байгууллагын мэдээлэлтэй зөрдөг гэдгийг дурдаад мэдээллийн зөрүүг арилган, статистикийн үнэн зөв мэдээллийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар ямар арга хэмжээ авч байгааг тодруулж байлаа. Мөн тооллогод мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах талаар ч байр сууриа илэрхийлсэн.

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяагийн хариулснаар, Монгол Улс 10 жил тутамд хүн ам, орон сууцны тооллогыг, таван жил тутам завсрын тооллогыг явуулдаг бөгөөд 2015 онд явуулсан хүн ам, орон сууцны завсрын тооллогыг анх удаа бүртгэлд суурилсан хэлбэрээр явуулсан байна.

Цаашид төрийн байгууллагуудын мэдээллийг зөрүүлэхгүй байх үүднээс ЭМЯ, Оюуны өмчийн газартай хамтран ажиллаж байгаа аж. Тухайлбал, төрөх эмнэлгүүдэд дөнгөж дөрсөн хүүхдэд тэр даруйд регистрийн дугаар олгон мэдээллийн санд оруулж эхэлсэн байна.

Гишүүд асууж, хариулт авсаны дараа тогтоолын төслүүдийг батлах тухай санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Ингээд Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогын товыг 2020 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн “00” цагаар тогтоон, Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг зохион байгуулж явуулах Улсын комиссыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулан байгууллаа.