Автозамын засварт зарцуулагдах хөрөнгийг тооцоот түвшинд хүргэх шаардлагатай гэв
Монголын авто замчдын холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ болон УИХ-ын нэр бүхий гишүүдэд албан хүсэлт хүргүүлсэн байна.
Тус холбооноос олон улсын болон улсын чанартай авто зам, гүүрийн арчлалт, урсгал засварын ажилд зарцуулагдах хөрөнгийг нэн яаралтай тооцоот түвшинд хүргэж нэмэгдүүлэх хүсэлтийг тавиад байгаа юм. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын зээл тусламжийн хөрөнгө, концессын гэрээгээр гадаадын аж ахуйн нэгж байгууллага авто зам, гүүрийн барилгын компаниуд, аж ахуй нэгж байгууллагуудыг оролцуулан гүйцэтгүүлэх шаардлагатай байгааг хүсэлтдээ онцолжээ.
Азийн хөгжлийн банкнаас гаргасан судалгаагаар манай улсын хатуу хучилттай замын насжилтыг уртасгах, хөдөлгөөний аюулгүй, байнгын бэлэн байдлыг хангахын тулд жилд дунджаар 100 тэрбумаас доошгүй хөрөнгийг замын арчлалт, засварын ажилд зориулах ёстойг тооцож гаргасан байна.
2018 оны улсын төсөвт Зам, тээврийн яам, Сангийн яам хамтран баталсан нормативаар олон улсын болон улсын чанартай авто зам гүүрийн зөвхөн арчлалт, урсгал засварын ажилд 55 тэрбум төгрөг тооцон хүргүүлсэн боловч 20 тэрбум төгрөг баталсан байна.
Автозамчдын холбооны Ерөнхийлөгч Т.Бямбаа: “Замчид бидний дээрх 2 хүслэтийг хүлээн авч үндэсний компаниудаа төрийн бодлогоор дэмжих шийдвэр гарган ажиллаж, замчид бидний ажил, амьдралд гүн туслалцаа үзүүлнэ гэдэг итгэж байна” хэмээн хүсэлтдээ дурдсан байна.